Өрийн хуулинд өөрчлөлт оруулах төсөл мэдүүллээ
2016-05-13

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өнөөдөр /2016.05.13/ өргөн мэдүүлэв.  
 
 
Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч  өр, зээлийн талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байсан тул Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлага үүссэн. Иймд Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр тэмдэглэн хэллээ. Энэ хууль нь олон улсад эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс зээллэг хийх замаар хөрөнгө бүрдүүлж, бодит эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, дэд бүтэц, нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг дэмжиж, иргэдийн орлоготой байх нөхцөл, бололцоог бүрдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн юм. 
 
 
Сүүлийн үед өрийн асуудлаар улс төржих болж, цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтийн дунд Засгийн газар, улсын нийт гадаад өртэй холбоотой буруу, сөрөг ойлголтыг төрүүлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаатай холбогдуулж өрийн тухай асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх нь цаг үеийн тулгамдсан асуудал болж байна хэмээн үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн нийгэмд хурцадмал болсон өр зээлийн асуудлын талаар эдийн засгийн болон улс төрийн хувьд ялгаж салгах, нийгэмд зөв ойлголттой болох хэрэгтэй хэмээн үзсэн байна. 
 
 
Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ, “Өр” гэдэг ойлголтыг “өглөг” гэдгээр сольж, Өрийн удирдлагын тухай хуулийг “Өглөгийн удирдлагын тухай” хууль гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй. Учир нь “Өр” гэж хугацаандаа төлж чадахгүй байгаа өглөгийг хэлдэг. “Өглөг” гэж гэрээнд заасны дагуу тодорхой хугацаанд төлөгдөж байгаа хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүрэг юм гэлээ. 
 
Иймд, хуулийн нэр томьёонд өөрчлөлт оруулж, өглөг гэсэн шинэ нэр томьёог хэрэглэх, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гараад байна хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид танилцууллаа. 
 
Хуулийн төсөл батлагдсанаар Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох хуулиудад нэр томьёоны нэгдсэн зөв ойлголтод хүрэх боломж бүрдэх юм байнахэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин