Б.Баатархүү: 20 минутад оноогоо сэргээх боломжтой
2016-05-13

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд цагдаагийн байгууллагаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг “Чингисийн талбай”-д энэ өдөр зохион байгуулж байна. Энэ үеэр цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс дараах тодруулгыг авлаа.

 

-Түүхт 95 жилийн ойн хүрээнд ямар ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

 

-Энэ жил цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн тэгш ой тохиож байна.  Ойн хүрээнд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, алба хаагчдын биеийн тамирыг хөгжүүлэх, урлагийн авьяасыг нээн илрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна. Үүний эхлэл болгож өнөөдөр “Амар тайван амьдралын төлөө” уриатай “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.  Энэхүү өдөрлөгөөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах, цагдаагийн мэргэжлийн албадуудаа танилцуулах, холбогдох газар хэлтэст үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулна. Арга хэмжэнэд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, хууль зүйн яамны холбогдох албан тушаалтнууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-үүл, НЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, ЦЕГ-ын удирдлагууд, алба хаагчид оролцож байна.

 

-Нийт хичнээн байгууллага оролцож байна вэ?

 

-Цагдаагийн Ерөнхий газар, Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургууль оролцож байна. Мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа нэгж оролцож байгаа. Эдгээр байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, иргэдэд хандсан үйлчилгээ үзүүлж байгаа.

 

-Иргэдэд хандсан ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

 

-Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авна. Мөн хууль эрх зүйн зөвлөгөө өгч цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, Хууль сахиулахын их  сургуулийн цагдаагийн болон Ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, нийтлэг асуултанд хариулж, мэдээ мэдээллээр хангана. Мөн галт зэвсгийн тухай, гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тараана.

 

-Жолоочийн зөрчлийн оноогоо хамгийн бага хугацаанд хэрхэн сэргээх боломжтой бол?

 

-Хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн. Ер нь бол лицензийн төв дээр сургалт зохион байгуулж оноог сэргээдэг. Өнөөдөр ч энд шалгалт өгөөд эрхээ сэргээлгэх ажиллагаа явагдаж байна. Ер нь бол оноогоо хасуулсан бол сургалтад суугаад шалгалт өгөн 20 минутын дотор оноогоо сэргээлгэх бүрэн боломжтой.

 

-Цагдаагийн нохой ч бас энд иржээ.

 

-Тийм. Цагдаагийн нохойн үзүүлэх тоглолт, алба хаагчдын бие хамгаалах, гардан тулааны үзүүлэх тоглолтыг иргэд олон нийтэд сонирхуулах юм.  “Smart police” цахим үйлчилгээ, Иргэний зөвлөл, Олон нийтийн цагдаагийн ажилтан, Оюутан цагдаа, “School police”-ийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд танилцуулж үйлчилгээ үзүүлнэ.  Мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас иргэд, олон нийтэд иргэний мэдээллийн лавлагаа гаргаж өгөх, төрийн үйлчилгээний цахим машинаар үйлчилгээ үзүүлнэ. Иргэддээ энэ өдөр цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээг үзүүлэх таниулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.

 

-Урлагийн тоглолт бий юу?

 

-Үдээс хойш цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын тоглолтыг иргэд, олон нийтэд үзүүлнэ. Арга хэмжээ 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин