Хордлого авсан хүмүүс гурван сар ХӨСҮТ-ийн хяналтад байна
2016-05-13

“Ньюсвийтфүүдс” ХХК-ийн эклерээс 155 хүн хордлого авч, 97 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хордлогод найман сартайгаас 74 настай хүмүүс өртсөн бөгөөд ихэвчлэн гэр бүлээрээ хордож ирсэн бөгөөд тэд гурван сар ХӨСҮТ-ийн хяналтад байх юм байна.

 

ХӨСҮТ-ийн нян судлалын шинжилгээгээр хоолны хордлогоор өвдсөн хүмүүсийн 74.8, “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын 36.6, эклерийг худалдаалж буй хүнсний дэлгүүрийн ажилчдын 46.1 хувьд хоол хүнсээр дамжин халдварласан сальмонеллёз өвчний үүсгэгч “salmonell enteritidis” гэгч бактери илэрсэн байна. НМХГ-ын Нэгдсэн төв лабораторийн нян судлалын шинжилгээгээр эклерийн дээжний 34.3 хувьд нянгийн бохирдолт илэрчээ.

 

Шалгалтаар “Ньюсвийтфүүдс” ХХК нь эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу нэг хоногоор хойшлуулж бичдэг зөрчил илэрч, тус үйлдвэрт үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөж ажилладаггүйг тогтоосон байна.

 

Ажлын хэсгээс эрүүл ахуйн тандалт хяналтын дүнг үндэслэн ”Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 2016.04.21-ний өдөр үйлдвэрлэсэн эклерийн нэг цуврал бүтээгдэхүүн хүний үйл ажиллагаатай холбоотой үйлдлээс бохирдон, үйлдвэрт 10-12 цаг хадгалснаас нянгийн үржлийг дэмжин улмаар “Salmonell enteritidis”-ээр үүсгэгдэн хоол, хүнсээр дамжсан хоолны хордлого, халдварын дэгдэлт болсон байна гэж дүгнэлээ.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхнээс хууль, дүрэм, журамаа мөрдөж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин