Дахин төлөвлөлтийн “цусны эргэлт” хурдсав
2016-05-16

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд оролцогч зарим компани, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн ИТХ ээлжит бус наймдугаар хуралдаанаараа хотын 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж,  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтэд зориулахаар 20 тэрбум төгрөг баталсан юм. Энэхүү хөрөнгийг нийслэлийн 2015 оны төсвийн давж биелсэн орлого, ашиглаагүй үлдэгдэл, энэ оны урсгал зардлын хэмнэлтээс бүрдүүлсэн байна. Тухайлбал, 2015 оны төсвийн орлого давж биелсэнээс 11 тэрбум 159,9 сая, ашиглаагүй үлдэгдлээс 2 тэрбум 570 сая, энэ оны урсгал зардлын хэмнэлт 4 тэрбум 580 сая төгрөгөөр бүрдүүлсэн байна.

 

Ингэснээр мэдээж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүгийн “цусны эргэлт” хурдсаж, хөрөнгө мөнгөний дутагдлаас болж ажил нь удааширсан, гацсан төсөлд оролцогч компаниуд барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдлээ. Нөгөөтэйгүүр газраа чөлөөлсөн иргэд ч удаан хүлээхгүйгээр шинэхэн байрныхаа түлхүүрийг гардаж авна гэсэн үг.  

 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэд хоногийн өмнө Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 9 байршилд ажиллаж буй төсөл хэрэгжүүлэгч компаниуд, иргэдтэй телевизээр шууд уулзан, санал хүсэлтийг нь сонсон, нээлттэй харилцан ярилцсан. Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч компаниуд, иргэд санхүүжилттэй холбоотой асуудалд хот анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

 

Санхүүгийн эх үүсвэр ийнхүү шийдэгдсэн тул гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд оролцогч компаниудыг иргэдийнхөө өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Баасан гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр сануулав.  Мөн тэрбээр Энэ үеэр “Нийслэлийн Орон сууцны корпорацийг /НОСК/ хувьцаат компани болгон өөрчилж, гэр хорооллын дахин төлөвлөлтөд шаардлагатай хөрөнгийг хүү багатай, урт хугацаатай үнэт цаас гаргах замаар босгохоор ажиллаж байна” гэж ярьсан. Нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөгөөс болон НОСК-ийн босгох хөрөнгөөөс бүрдэх санхүүгийн эх үүсвэр нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол зэрэг тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэх гарцуудын нэг аж.

 

Гурван жилийн өмнө эхэлсэн Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл нийслэлийн хүн амын 9 хувь, нутаг дэвсгэрийн 14 хувийг хамарчээ. Өнөөдрийн байдлаар 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд уг төсөл хэрэгжиж, айл өрхүүд орон сууц барих компаниа олонхын саналаараа сонгон шалгаруулж, гэрээ байгуулан газраа чөлөөлж буй юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 38 компани найман дүүргийн 37 хорооны нутаг дэвсгэрийн 1500 га газарт 7374 айлын орон сууц барьж эхэлжээ. Үүнээс 2014 онд 588, өнгөрсөн жил 1069 айлын шинэ орон сууц  ашиглалтанд орж, газраа чөлөөлсөн айлууд байртай болсон байна. Мөн 500 өрхийн 2100 иргэн хашаагаа байраар солиод байгаа аж. Энэ онд л гэхэд гэр хороолол байсан газарт 4044 айлын орон сууц сүндэрлэж, төдий тооны айл шинэ байранд орох юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Урд нь утаатай л байлдаж 22 тэрбум зарцуулж байсан. Одоо барилгажуулах нь дээр дээ Нэг ч гэсэн айл байранд орж байвал болоо ш дээ
2016-05-16