Д.Ганбат: Хууль эрхзүйн салбарт том шинэчлэл хийлээ
2016-05-16

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

 

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хууль эрх зүйн салбарт Үндсэн хуулийн дараа орохуйц том шинэчлэлийг хийж чадлаа хэмээн онцолсон юм. Тэрбээр, эдгээр хуулиудыг батлагдах хүртэлх бүхий л шатанд мэдлэг оюунаа дайчлан ажилласан УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны ажлын алба, Хууль зүйн яам, холбогдох бусад байгууллагын ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн салбарын суурь өөрчлөлт хийгдлээ хэмээн энэ үеэр мэдэгдсэн. 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль нь сая батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиудаар дамжин амилна хэмээгээд дээрх хоёр хуульд гүйцэтгэх нууц ажиллагааны талаар нарийвчлан тусгаж, дүрэм журмаар хүний эрхэнд халддаг байсан явдлыг зогсоосон гэж мэдээлэлдээ дурдсан.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, энэ удаагийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх бүх шатанд хүний эрхийн байгууллагын төлөөлөл оролцож ажилласан гээд хүний эрхтэй холбоотой урьд өмнө хуулиар зохицуулж байгаагүй харилцааг шинэ хуулиудад тусгасан гэдгийг онцоллоо. Хуульд хүүхэд хамгааллын талаар, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох асуудлыг тусгасан гээд хууль сахиулагч нь хүний амь нас эрсдэлд орж болзошгүй тухай дуудлага хүлээн авсан бол хамгийн түрүүнд очих, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч байж болзошгүй тохиолдолд тухайн орон байранд нэвтрэн орох, аюулыг үнэлээд хохирогчийг хамгаалалтад авах талаар хуульд тусгасан талаар тодруулан мэдээлсэн. Хууль бүхэлдээ хүний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн гэж Ц.Оюунгэрэл гишүүн мэдээлээд 1992 оноос хойш хүний эрхийг баталгаажуулсан хамгийн том хуулиуд батлагдсан гэж хэлсэн юм.

 

Түүнчлэн тэрбээр хүнийг гэмт хэрэгт сэжиглэн барьж хориод байцаалт авалгүй мартдаг, олон сар жилээр хорьдог байдлыг эцэс болгон хүнийг хорихын тулд нотлох баримтад тулгуурлах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн байцаалт, шүүх хуралд тодорхой хамгаалалттай оролцдог байхаар хуульд тусгасан хэмээн мэдээлсэн.

 

УИХ-ын гишүүн Л.Болд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиуд батлагдах хүртэл бүх шатанд Хүний эрхийн дэд хорооны гишүүд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага оролцсон гээд эдгээр хуулиуд батлагдсанаар хүний эрхийн хувьсгал хийгдлээ гэж хэлж болно хэмээн мэдэгдсэн. Төр, иргэн хоёр нэг байр сууринд ирж, иргэн бүр хуулийн хамгаалалтад орж байгаагаараа онцлог юм гэж эрхэм гишүүн тэмдэглэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэргийг цаасан нотлох баримтад үндэслэн байцаалтаар нотолж буй байдлыг өөрчилж, байцаалтаас бусад аргаар хэргийг нотлох эрх зүйн орчныг бий болсныг онцолсон.

 

Хүнийг хэн нэгэн албан тушаалтны сэжигт үндэслэн олон сараар хорьж мөрддөг, эрх чөлөөг нь хугацаагүй хасдаг байдлыг хязгаарлаж, нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн хүнийг яллагдагчаар татан шалгадаг байх зохицуулалтыг тусгасан гээд хууль сахиулах чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны явуулах ажиллагааны талаар нарийн хуульчилсан болохыг тодруулан мэдээлсэн юм.

 

Үүний дараа гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
boli:
zov hun gej baidag boloosoi. bugd hamuursan.Em hunii huvid oyungerel gej yum boddog hun uu gesen, ugui yum bna Balai avgai
2016-05-16
Зочин:
hurel zevsegten mahan ideshten
2016-05-16
Зочин:
ulsiin ih hural tuuhend ichgevter har moroo uldeeh vii
2016-05-16