Д.Дорлигжав хуулийн төслүүдийг өргөн барив
2016-05-17

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.17/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан болон “Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээр, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв. 
 
 
Уг хэлэлцээрүүд нь Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцлийн тухай гэрээ юм.
 
Монгол Улсын хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, худалдаа хийх ажиллагааг хялбаршуулах цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах  зорилгоор “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг хэрэгжүүлэх юм байна. Төслийн хүрээнд хилийн боомтуудын найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс барилга, байгууламж шинээр барих, засварлах, дэд бүтцийг сайжруулах, эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах зэрэг дэд бүтцийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Мөн гаалийн гадаад худалдаанд оролцогч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн системийг холбох боломж бүхий цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх суурь портал системийг хөгжүүлэх, боомтуудыг өндөр хурдтай сүлжээнд холбох зэрэг гаалийн үйлчилгээний автоматжуулсан мэдээллийн системийг шинэчлэх, Засгийн газраас хэрэгжүүлж буй мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрүүд болон гадаад худалдааны цахим нэг цонхны системийн хоорондын уялдааг хангахад дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна. 
 
“Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийн хоёр дахь шатны хүрээнд Даланзадгад, Сайншанд, Арвайхээр, Цэцэрлэг хотуудад бохир усны бүрэн биологи цэвэрлэгээний байгууламж барих, ариутгах татуургын шугам сүлжээ өртөгтөх, менежментийг сайжруулах юм. Үүний үр дүнд 4 аймгийн төвд тогтвортой, эрүүл амьдрах орчин бүрдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Shuud.mn
Сонин хачин