“Ариун хаврын тахилга” балетыг тоглоно
2016-05-18

 

Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг өөрийн тайзнаа тавих гэж байна.

 

Тус балетийг Францчууд 1913 онд Парисын их тайзнаа тоглож байжээ. Тухайн үед балетын хөгжмийг И.Стравинский 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан анх бичсэн бол энэ удаад Улаанбаатар чуулгынхан 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглох аж.

 

Хөгжмийг Х.Алтангэрэл, бүжгийг Д.Энхгэрэл дэглэсэн бол удирдаачаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллах юм байна.

 

Уг бүтээл “Газар шороогоо үнсэх нь”, “Агуу их тахилга” гэсэн хоёр үзэгдлээс бүрдэнэ. Найрал хөгжмийн “Эхлэл хэсэг” хаврын байгаль сэргэн аажмаар цэцэглэж буйг зурагладаг. Бүжиг, тоглоом наадам, зан үйлийн ёслолууд ээлжлэн улмаар үхэх тавилан оноогдсон бүсгүйн “Агуу их-ариун бүжиг”-ээр төгсдөг.

 

Балетыг энэ сарын 29-нд 18.00 цагт “Улаанбаатар чуулга”-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин