Ардын бүжигчид дахин чуулна
2016-05-18

 

Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Ц.Сэвжид-100 жил” төслийг хэрэгжүүлж жилийн хугацаанд тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Ойн арга хэмжээг нэгдүгээр сарын 12-нд эхлэн Италийн Женова хотод “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг толилуулсан. Түүнчлэн Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, “Түмэн-Эх” чуулга, СУИС, ХБК-ийн бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ толилуулсан билээ.

 

Энэ удаад “Сэвжид 100 жил”  хүндэтгэлийн тоглолтыг тоглохоор болжээ. Тоглолтод Ц.Сэвжидийн дэглэсэн “Жалам хар”, “Саальчин”, “Адуучин” зэрэг алдартай бүтээлийг  ҮДБЭЧ, ДБЭТ, ЦДБЭЧ, Түмэн-Эх чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын бүжигчид тоглох аж.  Мөн дуучин МУАЖ А.Долгор, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ц.Түвшинтөгс нар болон “Хар сарнай”, “Харанга”, “Чингис хаан”, “Алтан ураг”, “Хөсөгтөн” зэрэг олон уран бүтээлчид ая дуугаа өргөх нь ээ.

 

Ойн арга хэмжээ арванхоёрдугаар сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд  “Монголын бахархал” гурвалсан бүжгэн жүжиг, “Алтан ураг” бүжгэн жүжиг зэрэг тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Ц.Сэвжид нь 1959-1984 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад бүжиг дэглээчээр ажиллах хугацаандаа “Адуучин”, “Саальчин”, “Ээрүүлт”, “Хөдөө нутгийн залуус”, “Жалам хар”, “Баруун Монгол биелгээ”, “Монгол ардын биелгээ” зэрэг бүжгийг дэглэжээ. Үүнийг нь төрөөс өндрөөр үнэлж Төрийн шагнал хүртээсэн байна.

 

“Сэвжид 100 жил” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 28-нд “Соёлын төв өргөө”-нд болно

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин