Боловсролын яамны удирдлагууд хууль зөрчжээ
2016-05-18

БСШУЯ-ын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд нь АТГ-ын ажлын хэсэг үнэлэлт дүгнэлт өгч, маш муу гэсэн үнэлгээ тавьсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл АТГ-ын тус ажлын хэсэг БСШУЯ-ын удирдлагуудын 2015 онд гаргасан тушаал шийдвэр хууль нийцэж байгаа эсэхийг шалгажээ. Тэгэхэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нарын гаргасан тушаал шийдвэр хууль зөрчсөн болохыг тогтоожээ.

 

Тухайлбал, БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн 2015 оны А/30 дугаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай”, 2015 оны А/170 дугаар “Удирдах зөвлөлийн төлөөллийг батлах тухай”, 2015 оны А/409 дүгээр “Тээврийн дээд сургуулийн удирдах зөвлөл дэх төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай” тушаалуудаар тус яамны төрийн захиргааны албан хаагчдыг их, дээд сургуулийн удирдах зөвлөлд төрийн төлөөллөөр томилсон байна.

 

Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ 3 сургуулийн /АШУҮИС, СУИС, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль/

 

Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр 4 сургуулийн /МУИС, БИС, Тээврийн дээд сургууль, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль/

 

Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган 4 сургуулийн /МУИС, ШУТИС, АШУҮИС, Тээврийн дээд сургууль/

 

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг 5 сургуулийн /ХААИС, Ховд их сургууль, Дорнод дээд сургууль, Улаанбаатар их сургууль, Монгол-Оросын 3 дугаар бүрэн дунд сургууль/-ийн удирдах зөвлөлд орж төрийн төлөөлөл хэрэгжүүлж буй аж.

 

Энэ нь Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдааны 16 тэмдэглэлийн XXII.2 заалтын 2.1.2-т заасан “төрийн захиргааны албан хаагчийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 2 хүртэлх хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчөөр томилон ажиллуулж байхаар тоог нь хязгаарлах”-аар тусгасантай нийцэхгүй бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсгэж болзошгүй байна. 

 

Мөн сайдын Б/59 дүгээр тушаалаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирлыг, Б/432 дугаар тушаалаар Энэтхэгийн соёлын төвийн захирлыг, Б/406 дугаар тушаалаар Улаанбаатарын их сургуулийн захирлыг, Б/196 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захирлыг, Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/322 дугаар тушаалаар тус яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын даргаар Ж.Даваасамбуу нарыг томилохдоо тэдний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулаагүй нь илэрчээ.

 

Үүнээс гадна тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/522 дугаар тушаалаар онцгой амжилт гаргасан 7 ажилтанд 2-4 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ. Энэ шийдвэр нь Засгийн газрын 96 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журам”-ын 5 дугаар зүйлд “ ...ажлын өндөр амжилт гаргасан ... төрийн албан хаагчид ... ажлын үр дүнгээр сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно” гэсэн заалтыг зөрчжээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бас ХААИС-ийг
2016-05-18
луйвар:
мөнгө идэх аргын хэлбэрүүд л дээ өөрсдийгөө ТҮЗ-ын гишүүнээр, төслийн удирдагчаар, ажлын хэсгийн ахлагчаар томилж мөнгө иддэг
2016-05-18
Зочин:
Насанбаяр МУИС-ийг нураалцахад үнэтэй хувь нэмэр оруулсан Мундаг хүн шүү.
2016-05-18
Зочин:
Бас ХААИС-ийг