Өнөөдөр байртай болох боломжтой
2016-05-23

Энэ өдөр Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нарын “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолт болно. Дуучид тоглолт үзэхээр ирсэн азтай нэг үзэгчид 25 сая 800 мянган төгрөгийн эрхийн бичиг гардуулах юм.

 

Тус хоёр дуучин өнгөрсөн оны аравдугаар сард “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд тоглож байсан. Энэ удаад Эх үрсийн баярт зориулан дахин тоглохоор болжээ. Тоглолтод ирсэн азтай нэг үзэгчийг тодруулж “Алтан сан” хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувийн эрхийн бичгийг гардуулах аж. Шагналыг шууд гардуулах тул тоглолт үзэхээр ирэхдээ бичиг баримттайгаа ирэхийг сануулж байгаа юм.

 

Энэ талаар СТА, жүжигчин Л.Сөрөлт “Тоглолтыг амралтын өдрөөр тааруулж тоглохыг уран бүтээлчид боддог. Бид хоёр тэгсэнгүй. Нэг дахь өдөр онцолж тоглож байгаа юм. Үүгээрээ бид ашиг олох гэж олон дахин тоглоод байгаа юм биш шүү гэдэг санааг илэрхийлэхийг хүссэн. Бид өөрсдөө залуу хүмүүс. Тийм учраас нэг ч гэсэн залуу гэр бүл насан туршын үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцтай болоосой гэдэг үүднээс “Алтан сан” хороололтой жилийн гэрээ байгуулж 2 өрөө байрны эрхийн бичгийг азтай нэг үзэгчид тоглолтын тайзнаа шууд гардуулахаар болоод байна” хэмээсэн.

 

Тус компаниас азтанд байрны урьдчилгаа 30 хувь болох 25 сая 800 мянган төгрөгийн эрхийн бичгийг олгох аж. Эрхийн бичгийг гардсан азтан үлдэгдэл 70 хувийг банкны зээлээр эсвэл бэлнээр төлөх юм байна.

 

“Хайрын тэнгэр диваажин” тоглолт энэ өдрийн  19.00 цагт “Бөхийн өргөө”-нд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин