“Мэргэжлийн кино зураачдын холбоо” байгуулагдав
2016-05-24

 

Монголын кино зураачид нэгдэж “Мэргэжлийн Кино Зураачдын Холбоо” (ММКЗХ) ТББ-ыг байгуулжээ. Тэд өчигдөр буюу энэ сарын 22-нд бүх гишүүдийн хурлаа зарлан хуралдсан байна.

 

Тус хуралдаанд Монголын кино урлагт ажиллаж буй зураачид болох СТА Ж.Цогт, Алтан гадас одонт СТА Н.Батжаргал болон "Movie art" урлангийн зураачид болон кино урлагт ажиллаж буй 40 гаруй зураач чуулжээ. Хурлын шийдвэрээр ММКЗХ-ын тэргүүнээр СТА Д.Базарсад, Удирдах зөвлөлийн гишүүдээр СТА Н.Болор-Эрдэнэ, СТА П.Бэрхээдэй, Д.Батбилэг, Э.Батхүлэг нар томилогдсон байна. Харин холбооны гүйцэтгэх захирлаар СТА Ө.Мөнх-Эрдэнэ, гадаад харилцаа хариуцсан захирлаар Э.Оргилболд, хуулийн зөвлөхөөр Б.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Загдсамбар, нарийн бичиг Д.Оюунзул нар тус тус сонгогдон ажиллахаар болжээ.

 

Уг холбоог байгуулсан үндсэн зорилго нь Монголын кино урлагт кино зураачдын эзлэх байр суурийг тодорхой болгох, үнэлэмжийг өсгөх улмаар тэдгээрийн эв нэгдэл үзэл санааг нэгтгэн нэгдмэл удирдлагатай болгон цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, эрх зүйн зохицуулалт хийх үндсэн чиглэлтэй аж.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин