“Big Bowling Friendship”-ийн эхний тойргийн аварга тодров
2016-05-25

Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан “Big bowling friendship” үндэсний лигийн багийн анхдугаар тэмцээний нэгдүгээр тойргийн аваргууд өнгөрөгч бямба гаригт тодорлоо. Тэмцээнд нийт 10 баг оролцсоноос Г.Батхүү ахлагчтай “Харцага-16” баг тэргүүн байранд шалгарч, Ц.Лхасүрэн ахлагчтай “500” баг удаалсан бол Д.Нацагдорж ахлагчтай баг хүрэл медалийн эзэд болов.

 


Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 1829 оноогоор Ж.Содномдорж алтан медаль хүртэж, 1792 оноогоор Ч.Мөнхзул мөнгө, 1780 оноогоор Д.Нацагдорж хүрэл медаль авлаа. Харин эмэгтэйчүүдээс 1702 оноогоор С.Дэлгэрцэцэг алт, 1632 оноогоор Ш.Гэрлээ мөнгө, 1490 оноогоор Ц.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн юм. Шинэхэн лигийн эхний тойргийн тэмцээн тун өрсөлдөөнтэй болж, финалын тоглолтод “Харцага-16”, “500” багууд оноо тэнцсэн учир хоорондын тоглолтын харьцаагаар нь аваргыг тодруулсан. Тамирчдыг сугалааны зарчмаар эрэмбэлэн хувааж, багуудын хүчний харьцааг тэнцүүлсэн тул багуудын ур чадвар тэнцүүхэн, тоглолт бүр сонирхолтой болж байлаа. Тэмцээний үеэр Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Биг энтертайнмент” клубээс ойн баяраа тохиолдуулан, арайн албаны ажилчин Г.Сундуйжав, техникч Д.Чинбат нарыг тус бүр хагас сая төгрөгөөр шагналаа.
“Big bowling friendship” үндэсний лигийн тэмцээн хоёр тойрог үргэлжлээд 12 дугаар сард аваргуудаа тодруулна.

 

Ц. Лхаасүрэн ахлагчтай "500" баг

 

Д. Нацагдорж ахлагчтай баг

 

Shuud.mn
Сонин хачин