Хөвсгөл МАН, АН-ынхан хөгөө хөлдөө чирч эхлэв үү
2016-05-26

Хэзээ хэзээнээс л ардчиллаар гайхуулж, цөстэй хөөртэй хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг хөвсгөлийнхөн сонгуулийн дуулианаар улам ч их хөөрдөг улс. Нэг итгэсэн хүндээ хэдэн ч жилээр хамаагүй итгэдэг гэдгээ Л.Гүндалай гэх нөхрийг гурван удаа сонгож харуулсан. 

Мөн итгэж өрөвдсөн нэгнийг хэнээр ч заалгахгүй хайрладаг гэдгээ МАН-аас хөөгдөж гарсан Ц.Даваасүрэнд мөн л харуулж байлаа. Гэхдээ итгэлийг нь алдвал хөөгөөд явуулахаа юман чинээ тоохгүй. Товчхон үгээр тодорхойлвол тэд хэтэрхий гэмээр задгай, тэр хэрээр ардчилалтай хүмүүс. Өдгөө ч 2016 оны сонгуулиар хөнжил дотроо зодолдоод эхэлчихэж, тэд. 

Хөвсгөлийн МАН, АН хоёулаа л дотроо зодоонтой байгаа дуулдана. Тухайлбал, МАН-аас гурван мандатад хэнийг явуулах, хэнийг өрсөлдүүлэх вэ гэдэг маргаан өрнөж өнөө хэр дуусаагүй байгаа сурагтай. “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон гэсэн дөрвөн нэр дэвшигчээс гурвыг сонгох асуудал тун ч маргаантай байгаа сурагтай. Тэр тусмаа Ж.Цолмон уу, эсвэл Л.Мөнхбаатар уу гэдэг сонголтын өмнө тэд ирчихээд байгаа аж. 

Тэгвэл АН-ынхан мөн л дотооддоо зодолдож эхэлсэн аж. Тэд хэзээнээс л зөрчилтэй байгаа. Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт нэр дэвшигчээ батламжлах хурал хийхгүйгээр тамгаа аваад зугтсан болж, н.Баярмаа гэх бүсгүй хурал зохион байгуулахгүй удтал чилээжээ. АН-аас нэр дэвшихээр болсон “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Ц.Оюунгэрэл нар дэмий л хүлээж суусаар хот руугаа буцсан сурагтай. 

Хөвсгөл аймгийн нэг мандатад маргаан гараад байгаа. Тодруулбал, Ц.Оюунгэрэлийг явуулах уу, эсвэл АН-ын дарга Ч.Батцогт өөрөө өрсөлдөх үү, Л.Болдбаатар очих уу гэдэг асуудал ийн маргаан дэгдэх шалтгаан болжээ. Аргаа ядсан намын гишүүд нь дангаараа албан бичиг үйлдэж П.Цагаан, Б.Эрдэнэбат нараас гадна Ц.Оюунгэрэлийг дэмжиж байна гэсэн албан бичиг үйлдэж намынхаа төв штаб руу явуулсан гэнэ шүү. 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох
Shuud.mn
Сонин хачин