Хөрөнгө, мөнгө шилжих ажил гацчихаад байна
2016-05-26

“Сайдын цаг” уулзалтад ЭМС-ын сайд С.Ламбаа оролцлоо. Тэрбээр мэдээлэлдээ:

 

- Улсын хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт өндөр байсан нь саарч одоогоор 30 гаруй хувиар буураад байна.  Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчийн тоо 100 руу буусан байна. Сэхээн амьдруулах тасагт 30 хүүхэд хэвтдэг байсан бол 10 болж буураад байгаа.

 

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавдугаар сарын 12-ноос эхлэн вакцинжуулах аян эхэлсэн. Аян тавдугаар сарын 25-нд дуусах байсан ч вакцинд хамрагдалт 80 гаруй хувьтай гарсан учраас энэ сарыг дуустал үргэлжлүүлэх болсон. Одоогоор 531 мянган иргэн хамрагдсан байна.  Мөн зарим их, дээд сургуулийн амралт эхэлсэн нь оюутнуудыг вакцинд хамруулахад хүндрэл учруулж эхэлжээ. Иймээс Ерөнхий сайдын зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа. Улаанбурхан өвчний дэгдэлт буурсан ч хачигт халдвар дэгдэх төлөвтэй болоод байна. Хачигт хазуулсан халдвар авсан хүний тоо 300 гаруй болж бүртгэгдсэн байна. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, нүүр, амны өвчин өсөх хандлагатай байгаа тул эцэг, эхчүүд хүүхэддээ анхаарал хандуулах шаардлагатай.

 

УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн 15.1-д заасан “Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэг нь эмч нарт хатуудаж байна гэсэн гомдлыг салбарын зүгээс гаргасан. Тиймээс  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна.  Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан нөхцөлд нэг санкцаар хуульчилсан байсан хоёр заалт өөрчлөгдөх юм. Ингэхдээ хүнд хохирол учруулсан гэдгийг тусгайлсан заалтаар оруулж торгох, эрх хасахаар зүйчилж өгсөн бол эмчийн буруугаас хүний амь нас хохирсон бол 1-5 хүртэл жилээр хорих ял оноохоор өөрчилсөн нь өмнөхөөсөө хөнгөрсөн заалт болсон.  УИХ-аас баталсан Эрүүгийн хуулийн 15.1 дэх заалтаар бол дээрх хоёр тохиолдолд эмчийг 20-80 сая төгрөгөөр торгох, 2-8 жил хорих байсан. Харин хуулийн өөрчлөлтөөр ялын хугацааг 1-5 жил болгосноор тэнсэн харгалзах ял авах нөхцөл бүрдэнэ.

 

УИХ-аас Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийг баталсан нь эрүүл мэндийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах чухал хууль болсон.  Дээрх хуулиар эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын нөхөн төлбөрийн харилцааг тусгалаа хэмээлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Улаанбурханы вакциныг хийж, илүү цагаар ажиллаж байгаа эмч, ажилчдын  илүү цагийн цалинг өгсөн гэсэн зүйл чуулганы хуралдааны үеэр яригдсан. Харин та сая олгох шаардлагатай тухай хэллээ. Энэ талаар  тайлбарлана уу?

 

-Вакцинжуулалт, шатахууны зардал, илүү цагийн хөлс төлөхөд зориулж Засгийн газрын тогтоол гараад 948 сая төгрөг шийдээд өгчихсөн. Энэ мөнгөөр илүү цаг олгогдчихсон. Одоо дахиад илүү цагийн хөлс өгөх шаардлага үүсч байгаа. Энэ мөнгийг шийднэ.

 

-Вакциндаа хамрагдаагүй залуучуудыг торгоно гэсэн мэдээлэл байх. Үнэн үү?

 

-Тийм зүйл байхгүй.

 

-Гэмтэл судлалын үндэсний төвийн эмнэлгийн MRI аппаратыг хувьд шилжүүлнэ гэсэн зүйл яригдах. Энэ асуудал юу болсон бэ?

 

-Намайг Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод ирэхэд Гэмтлийн эмнэлгийн MRI зогсчихсон байсан. Залгачихсан байх үед тэр аппарат мөнхийн ажиллагаатай байдаг. Тэгэхээр гелиэ идээд байна гэсэн үг. Тиймээс гель нь 35 хүртэлх хувь руу орчихсон байсан. Хэрвээ 30 хувь руу ороод ирэх юм бол дэлбэрдэг. Төрийн албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн MRI чинь залгаатай ажилласаар байгаад гель нь дуусаад одоо 600 гаруй сая төгрөгийн засвар хийх шаардлагатай болсон. Гэмтэл судлалын эмнэлгийнхэн дистрбьютер компанид нь өгөөд засвар үйлчилгээг нь хийгээд ажилуулья гэсэн гэрээ хэлэлцээр хийх гэж оролдож байсан юм билээ. Би эсэргүүцээд зөвхөн гелийг нь шахаад үйл ажиллагаанд нь оруулах зардлыг ЭМС-ын яам даана гэсэн гэрээ хийгээд 176 сая төгрөгөөр ашиглалтад оруулчихсан. Зургадугаар сарын 1-ний дотор яам төлбөрийг төлөх ёстой. Одоо ямар ч саадгүй ажиллаж байна. 1,5 жил баталгаатай ажиллана. Ерөөсөө засвар хийгээгүй байсан учраас гелиэ өөрөө шатаагаад байсан юм билээ.

 

-Эрүүл мэндийн салбарт царцсан байгаа барилгуудын ажил эхэлсэн үү?

 

-300 ортой эх хүүхдийн төв байгаа. Засгийн газар өмнө нь хувийн эмнэлэг болгох гэж концессын гэрээ зарлаад монгол компани авсан ч хүчингүй болчихсон. Гүйцэтгэл нь 74 хувьтай байгаа. Тиймээс энэ барилгыг ашиглалтад оруулья гэдэг саналыг Засгийн газарт оруулсан. Одоо дэд бүтцийн зураг төслийг хийлгээд, концессын гэрээгээр зарлачихсан байгаа. Ашиглалтад оруулсны дараа ямар эмнэлэг болгох асуудлаа шийднэ. Ер нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төв гэдгээсээ татгалзахгүй. Гэхдээ Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг актлагдаад байгаа учраас Хан-Уул дүүрэгт зарим хэсгийг нь шилжүүлж магадгүй гэж үзэж байгаа. Хавдарын өргөтгөлтийн төсөв, хөрөнгийг нь шийдсэн. Удахгүй дуусна. Түлэнхийн төвийн төсвийг тодотголоор нэмэх шаардлагатай байгаа.

 

-Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө сайдын албан тушаалд томилогдлоо. Одоо ажил илүү урагштай байх боломж бүрдсэн үү?

 

-Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан таван сарын хугацаанд бүх ажлыг хийж байсан. Одоо улс төрийн томоохон шийдвэр гаргах боломж бүрдэж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга бүх хөрөнгө мөнгө гаргах тушаал, шийдвэр дээр гарын үсэг зурдаг албан тушаал. Тиймээс энэ долоо хоногт багтааж Төрийн нарийн бичгийн даргаа хурдан томилох шаардлагатай байна. Бүх хөрөнгө, мөнгө шилжих ажил гацчихаад байна.

 

-Оношлогооны төвийг барих тендэрт шалгарсан  БНСУ-ын "Самсунг С&Т"  компани нь Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны нисэх, буух зурвасыг барих эрхгүйн дээр уг талбай нь олон улсын стандарт шаардлага хангахгүй байгаа тухай гомдлыг Японы зүгээс гаргасан тухай дуулиан дэгдээд эхэллээ. Сонгон шалгаруулалт ямар байдлаар хийгдсэн юм бол?

 

-“Самсунг” гэдгийг өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Төмөр зам, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барьж байгаа гэж ойлгохоос гадна, эрүүл мэнд боловсрол гээд бүх салбарт оролцдог хөгжчихсөн компани. Эрүүл мэндийн талын компани нь шалгарч орж ирсэн. “Самсунг” зөвхөн менежмент хийнэ. Барилгыг нь өөр компани барина, тоног төхөөрөмжийг нь өөр компани нийлүүлнэ. Консерциум болоод орчихсон учраас энд ямар нэгэн асуудал байхгүй. Солонгосын “Экзим” банк урьдчилгаа төлбөрөө хийсэн. Ажил саадгүй явна. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газар, прокурорын шугамаар найм, есөн сар явлаа. Тэгэхдээ “Самсунг”-тай өрсөлдсөн Солонгосын компани зарга үүсгээд тэр нь АТГ очоод, эцсийн эцэст прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон. Тэгж байж, сая ажилдаа орлоо.

Оношилгооны төвийг барихад 65 сая ам.доллар зарцуулагдана. Цахим эрүүл мэндийн компани, барилга барих, тоног төхөөрөмж нийлүүлэх компани гээд нэг корпораци болж орж байгаа. Монголын талаас туслан гүйцэтгэгчээр “Одкон” компани орж байгаа. Оношилгооны төвийн давуу тал нь цөмийн хурдасгуурыг үйлдвэрлэх изотопын үйлдвэрийг дотор нь  байгуулна. Энэ бол Монголд анх удаа байгуулж байгаа. Гадаад руу явж оношлуулж байгаа нэг шалтгаан ийм оношлогооны төв байгуулж чадаагүйтэй холбоотой юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС99839951
2016-05-28
Зочин:
МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС99839951
2016-05-28
Зочин:
МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС99839951
2016-05-28