БНХАУ-ын газар нутгаа тэлэх бохир бодлогыг шүүмжлэв
2016-05-27

Их 7”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт амжилттай үргэлжилж байна. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Японы Исе-Шима бүс нутагт “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалт өчигдөр орон нутгийн цагаар 15.00 цагт эхэллээ. Уг уулзалтын хамгаалалтад 42 мянган цагдааг дайчилж, зарим бүс нутагт хөл хорио тогтоосон байна. Уг хуралдааныг Японы Ерөнхий сайд Шинзо Абе ахалж буй юм. Удирдагчид терроризмын эсрэг, дүрвэгсдийн хямрал болон БНХАУ-ын бодлого, газар нутгийн маргааны асуудлаар шийдвэртэй алхам хийхээр зорьж байна.

 

Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Канадын Ерөнхий сайд Жастин Трудо, Италийн Ерөнхий сайд Маттео Рензи болон Европын зөвлөл, Еврокомиссын тэргүүн Дональд Туск, Жан Клюд Юнкер нар оролцож байна. “Их 7”-ийн уулзалтын нээлт синто шашны “Исэ” сүмд болжээ. Удирдагчид сүмийнхэнд хүндэтгэл үзүүлсэн байна. “Исэ” сүм МЭ-ний III зуунд байгуулагдсан аж. Франсуа Олланд “Бүх шашинд хүндэтгэлтэй хандах нь чухал” хэмээн өгүүлжээ.

 

Удирдагчид эхний ээлжинд Азийн гол асуудлын нэг болоод Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар ярилцжээ. БНХАУ зарим улсын шаардлагыг үл тоон, тус маргаантай бүсэд цэргээ байршуулах, бүтээн байгуулалтын ажил хийх замаар өөрийн газар нутагтаа нэгтгэж буйг Барак Обама эрс буруутгасан байна. Тэрбээр “БНХАУ-ын эрх баригчид газар нутгаа тэлэх бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Та бүхний үйлдэл Азийн энхтайванд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Тиймээс дээрх үйлдлээ таслан зогсоо” хэмээн хатуухан мэдэгдэв.

 

Уг маргаантай бүс нутгаас болж БНХАУ-тай байнга зөрчилддөг Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Лаосын Ерөнхий сайд Тхонглун Сисулит, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Шриланкийн Ерөнхийлөгч Майтрипала Сирисена, Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина нар зочноор уригдаж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.  

 

Ангила Меркел “БНХАУ эдгээр улсын шаардлагыг үл тоон бүтээн байгуулалтын ажил хийж байгаа нь олон улсын хуулийг зөрчиж байна” гэж мэдэгджээ. Ийнхүү уулзалтын эхнээс л удирдагчид БНХАУ-ын гадаад бодлогыг шүүмжилж эхэллээ.  

 

Шинзо Абе “БНХАУ-ын бодлого хилээс давах нь зарим улсын тусгаар тогтнолд заналхийлэл учруулж байна. Хүч ашиглан газар нутгаа тэлэхийг Токио хүчтэй эсэргүүцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Хүч түрэмгийлэн маргаантай бүсэд бүтээн байгуулалтын ажил хийх замаар цэргээ байршуулах нь санаатайгаар дайныг өдөөн турхирч байна гэсэн үг. Хэрвээ БНХАУ олон улсын шаардлагыг үл тоосоор байвал бид хөдлөх болно” гэж мэдэгдсэн аж.

 

Зохион байгуулагчдын мэдээлснээр удирдагчид уулзалтын эхэнд Сирийн хямралын асуудлаар ярилцах байсан ч Шинзо Абегийн хүсэлтийн дагуу БНХАУ-ын түрэмгийллийн талаар хэлэлцсэн гэв. ““Их 7”-ын уулзалт БНХАУ-ын эсрэг чиглэж байна” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунень “Газар нутгаа тэлэх санаархал явуулж байна хэмээн БНХАУ-ыг гүжирдэх нь утгагүй асуудал” гэж  мэдэгджээ.

 

Удирдагчид БНХАУ-ын талаар ярилцахаас гадна дайны хөлд нэрвэгдээд буй Сирийн асуудлаар ярилцсан байна. Барак Обама Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад огцрохгүй бол энэ хямрал үргэлжилсээр байх болно” хэмээн мэдэгдэв. Мөн Франсуа Олланд “Сирийн хямралын гол буруутан нь Ассад” хэмээн нэрийджээ. Тэд мөн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан байна. Удирдагчдын гол анхаарал татаж байсан сэдэв бол дүрвэгсдийн асуудал байлаа. Олланд “Дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх гарц хэрэгтэй” гэсэн бол Трудо “Дүрвэгсэд Европын аюулгүй байдалд заналхийлж байна” гэж хэлжээ. Удирдагч Европын холбоог уг асуудлыг шийдвэрлэх ёстой хэмээн дуу нэгтэйгээр мэдэгдсэн байна.

 

Эхний өдрийн уулзалтын төгсгөлд Обама, Меркел, Олланд нар Украины зүүн хязгаарт хүчин төгөлдөр хэрэгжиж буй Минскийн гал зогсоох асуудлаар ярилцсан байна. Меркел “Нормандын дөрвөл уулзах цаг болж” хэмээн мэдэгджээ. Зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчид Минскийн гэрээ зөрчигдсөн болохыг сануулаад байна. Обама мөн ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригийнхоо хугацааг сунгах саналыг гаргажээ.

 

“Өнөөдөр хуралдаан үргэлжлэх бөгөөд удирдагчид Украин, Сири болон дүрвэгсдийн асуудлаар голлон ярилцахаар төлөвлөсөн” хэмээн “NHK” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин