Хүүхэддээ юу үзүүлэх вэ
2016-05-27

 

Тун удахгүй Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр болно. Энэ өдөр хүүхэд, багачуудад зориулсан ямар тоглолт хаана болох тухай мэдээллийг хүргэж байна. Уламжлал ёсоор Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээ “Чингисийн талбай”-д зохион байгуулагдана. Мөн бусад дүүрэг өөрийн нутаг дэвсгэртээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг  зохион байгуулж ажиллах юм байна.

 

“Норовын намтар” мюзикл тоглоно

 

 

Улсын Драмын Эрдмийн Театрын  “Хүүхдийн жүжгийн өдөр”-үүд энэ сарын 30-наас эхэлнэ.  Тус театрынхан Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг угтан “Бардам туулай”, “Үнсгэлжин” , “Норовын намтар” зэрэг жүжгийг цувралаар тоглох нь ээ. Энэ сарын 30-нд 11.00 цагт С.Михалков “Бардам туулай” мюзикл инээдмийн жүжиг, энэ сарын 31-нд  11.00 цагт Т.Габбе “Үнсгэлжин” инээдмийн жүжиг, зургаадугаар сарын 1-ний 11.00, 14.00 цагт Д.Содномдорж “Норовын намтар” мюзикл инээдмийн жүжгийг тус тус тоглох юм байна.

 

Зайрмаг үнэгүй тараана

 

 

“Сүү” ХК-иас хүүхэд багачууддаа зориулан “Аморе фестивал”-ыг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус зайрмагны баярыг Баруун 4 зам, Макс Молл их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр зайрмаг үнэггүй тараах аж. Түүнчлэн хамтлаг дуучдын урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, алиалагчийн тоглолтын үзүүүлбэртэй юм байна. Мөн “My Little Pony” хүүхдийн жүжиг, УДЭТ-ын “Норовын намтар” тоглолт, “Circus Mongolia Khadgaa” циркийн үзүүлбэрүүд, Үндэсний циркийн үзүүлбэрүүд, эрч хүчтэй залуусын флаш моб, “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр”-т үлгэрийн баатрууд амилах нь ээ. Баярын арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд 11.00-19:00 цагийн хооронд үргэлжлэх юм.

 

 “Галт шувууны нууц”-аар аялаарай

 

 

Улаанбаатар хотын Хүүхдийн театр багачууддаа зориулж “Галт шувууны нууц” хөгжимт жүжиг тоглох гэж байна.

 

Багачуудын хайртай баатар Ногун ер бусын ид шидтэй галт чулууг хайрлаж хамгаалах үүрэгтэй ч муу санаатан савдагт чулуугаа алдсанаар жүжиг эхэлдэг. Ногун найз Инжир болон Бөөдий, Өдийхөн, Маази зэрэг ойн амьтдын хамтаар галт чулууг буцаан олж авч, хамгаалахаар тэмцэх юм.

 

Жүжгийн зохиолч, найруулагчаар "Гэгээн муза" наадмын "Хүүхдийн жүжгийн шилдэг найруулагч" Б.Хишигзаяа, тайзны зураачаар Б.Лхагвадорж нар ажилласан байна.

 

Жүжгийг энэ сарын 29, зургаадугаар сарын 1-нд “UB Palace”-ийн концертын их танхимд тоглоно.

 

“Цирк” ирнэ

 

 

Улан-Үдэ болон Монголын циркчдийн хамтарсан “Цирк ирлээ” тоглолт зургадугаар сарын 14.00, 17.20 цагуудад тоглогдох юм байна. Мөн зургадугаар сарын 2-нд 15.00, 20.00 цагт тоглох аж. Тоглолтод уран нугараач, алиалагч нар оролцохоос гадна 3 метр урттай могойн үзүүлбэр багтжээ. Тасалбарын үнэ 5-8 мянган төгрөгөөр худалдаагдах юм.

 

“Хувдай ишиг” паян тарина

 

 

 Улсын филармонийн уран бүтээлчид хүүхэд, багачууддаа зориулан “Хувай ишигний паян” симфони үлгэрийн тоглолтыг энэ сарын 28-нд 15.00 цагт тоглох гэж байна. Филармонийн уран бүтээлчид энэ сард “Хүүхдийн ертөнц” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хүрээнд тус симфони үлгэрийг шинэчлэн найруулж буй юм байна. Мөн филармонийн морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ сарын 31-нд 15.00 цагт “Амьтдын ертөнц” хүүхдэд зориулсан тоглолтыг толилуулах нь ээ.

 

Хүүхдийн баяр “Хүй долоо худаг”-т болно

 

 

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ “Хүй долоо худаг”-т зургаадугаар сарын 1-нд 11.00-19.00 цагийн хооронд болох нь ээ. Тус арга хэмжээний үеэр “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэх боломжтой. Мөн өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох ажээ.

 

“Мазаалай миний найз”

 

 

“Оюуны Ундраа Групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамтай хамтран Улаан номд орсон, нэн ховордоод байгаа Мазаалай баавгайг аврах үйлсийг эхлүүлжээ. Эл үйлсийн хүрээнд зургааадугаар сарын 1-нд “Мазаалай миний найз” хүүхдийн баярын өдөрлөгийг Зайсан толгой дахь Танктай хөшөөний талбайд зохион байгуулхаар болсон байна. Баярын арга хэжмээнд хамтлаг дуучдын урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоомууд, хөгжилтэй алиалагчийн тоглолт, циркийн үзүүлбэр үзүүлэх ажээ. Тус баяр зургаадугаар сарын 1-нд 13.00-20.00 цагийн хооронд үргэлжлэх нь ээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин