МАН-ын Бага хурал үл ойлголцлоос болж хуралдаж чадахгүйд хүрэв үү
2016-05-27

МАН-ын Бага хурал өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ гэсэн мэдээлэл байсан ч эх сурвалжаас өгсөн мэдээллээр намын Удирдах зөвлөл ч хуралдаагүй байгаа аж. Намын Удирдах зөвлөлийн хурал одоо болтол эхлээгүй байгаа юм байна.

МАН эхлээд Удирдах зөвлөлөөрөө УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ батламжилж, дараа нь гаргасан шийдвэрээ намынхаа Бага хурал руу оруулж хэлэлцүүлдэг уламжлалтай.

Гэсэн ч тойрог олдохгүй байгаа, намын даргын шийдвэрээр асуудлыг шийдэж, эмэгтэйчүүдийг торгуулийн суман руу явуулсан зэрэг нь МАН-ынхан дотроо үл ойлголцох шалтгаан болжээ. Тиймдээ ч өнөөдөр мөн л шөнө дөлөөр хэрүүлтэй, маргаантай хуралдах нь тодорхой байгаа юм.

УИХ-ын сонгуулийн шинэчилсэн хуулиар эмэгтэй нэр дэвшигчдийн хуульд заасан квот нь 20 хувь байсан ч харамсалтай нь хоёр нам хоёулаа эмэгтэйчүүдийг торгуулийн суман буюу нөгөө намын хүчтэй эрэгтэй өрсөлдөгчид өгөөш болгох байдлаар явж байгаа юм.

Тухайлбал, Хөвсгөл аймагт Ж.Цолмон нөгөө намын хүчтэй өрсөлдөгчийн тойрогт өгч, харин НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогцолмааг Сүхбаатар дүүрэгт Р.Амаржаргал гэх лидер улстөрчтэй тулгасан аж. Энэ мэт эмэгтэйчүүдийн квотыг үл тоосон, нөгөө талаар залуусаа жийх бодлого МАН-д их байгаа учраас өнөөдрийн Бага хурлаар чамгүй олон үйл явдал өрнөх бололтой. Мөн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, намын бүлгийн дарга нар нэр дэвшигчидтэйгээ нэр бүрчлэн уулзаж байгаа сурагтай.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тойрог олдож бгаа нь их юм биздэ?! Аваргыг давж байж аварга болдог...
2016-05-27