Шүүгчдийн 55.8 хувийг нүүлгэн шилжүүлнэ
2016-05-30

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Шүүгчдийн зөвлөгөөн-2016”, "Шүүх байгуулах тухай хууль” гэсэн хоёр сэдвээр мэдээлэл хийв.

 

 

УИХ-ын чуулганы энэ сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар шүүх байгуулах хуулийг шинэчлэн баталсан. Шүүхийн ерөнхий зөвлөл уг хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй аж. Хуулийн хүрээнд шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр шинээр байгуулагдах шүүхийн орон тоог шийдвэрлэнэ. 

 

Аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 25 шүүхэд 25 ерөнхий шүүгч, 118 шүүгч

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 1 ерөнхий шүүгч, 15 шүүгч

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 88 шүүгч

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 74 шүүгч

Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхэд 22 ерөнхий шүүгч, 82 шүүгч

Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 99 шүүгч

Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 72 шүүгч

Сум дундын 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч 31 шүүгч байх буюу улсын хэмжээнд нийт 693 шүүгчийн орон тоо хэвээр байна. 

 

Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрт Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулагдана. Харин хүн амын нягтаршил, хэрэг маргааны гаралтын төвшнөөр өндөр Орхон, Дархан-Уул аймагт одоогийн байгаа Эрүүгийн болон Иргэний хэргийн төрөлжсөн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаа явуулна.

 

Нийслэлийн долоон дүүрэг тус бүрт эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх ажиллана.  Харин Багахангай, Налайх дүүргийн дунд эрүү, иргэний тус бүр нэг шүүх байх юм. Ингэснээр дагнан мэргэшсэн шүүх, шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийг зорьсон шүүхийн шинэтгэлээс ухрахгүйгээр Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгах юм. 

 

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэнэ. Шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55.8 хувийг нүүлгэн шилжүүлнэ.

 

Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2533.2 сая төгрөгийн төсөв шаардлагатай бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны батлагдсан төсвийн хүрээнд дээрх өөрчлөлтийг хийх юм байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин