Горилогчоос өрсөлдөгчид өгсөхүй
2016-06-02

Энэ долоо хоногт нэр дэвшигчид “төрж” чадах эсэхээ үзнэ. Төрийн эрх барилцах суудлын төлөөх өрсөлдөөнд сурталчилгаа хийж тодрохын наана СЕХ-ноос сугарч гарч ирнэ гэдэг чанга ажил болоод байна.

 

Нэр дэвшигчид горилогчоос өрсөлдөгч болохын тулд чамгүй шалгуур нягт нямбай ажиллах хэрэгтэйг зарим нь тооцсонгүй. Цөөнгүй нэр дэвшигч тэр дундаа олон түмний хүлээлтэд байсан хүмүүс нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байдалд ороод байгаа бололтой. Үүнийг хэвлэл сайтаар хөврөх нам эвсэл нэр дэвшигчдийн гомдлоос харж болно.

 

Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигчийг бүртгэсэн боловч ажлын тайлангийн сэтгүүл тараасан, 31 хувь эзэмшиж буй компанийн өртэй гэх мэт шалтгаанаар нэр дэвшигчийн жагсалтаас хассан. Мөн МАН-аас Увс аймгийн ИТХ-д нэр дэвшсэн 4, Говь-Алтай аймгийн ИТХ-д нэр дэвшсэн 3 нэр дэвшигчийг орон нутгийн сонгуулийн хороод нь бүртгэхээс татгалзсан зэрэг орон нутгийн чанартай гомдол гарч байсан бол Нийслэлд ИТХ-д нэр дэвшигч нэг эвсэл тэр чигээрээ хасагдаж, бие даагчид гарын үсгийн будилаантай гэсэн шалтгаанаар материал нь буцсан тухай гомдол өрнөсөн.

 

Нийслэлийн ИТХ-д нийт 314 нэр дэвшигчийн материал ирүүлсэн байснаас цөөнгүй нь шаардлага хангаагүй гэж нэр нь буцсан. Гуравдагч хүчнүүд бие даагчид дээр гол “зөрчил” гараад боломж нь хаагдаад байгаа нь СЕХ үнэхээр сонгууль зохион байгуулах чиг үүргээрээ ажиллаад байна уу. Ардаа ах намуудын шивнээтэй гэдийгээд байна уу гэсэн хардлагыг дагуулж эхэлсэн. Нөгөө талдаа хуулинд заасан шаардлага хангаагүй бол татгалзсан байхад үүнийг улс төржүүлэх хандлага ч  ажиглагдсан.

 

СЕХ түүний салбар хорооны ажил нэр дэвшүүлэх ажиллагаа хийснээр дуусчихгүй. Цаашид хамгийн хариуцлагатай байж төрийн сонгуулийг зохион байгуулж ялагчдыг тодруулах том хариуцлага үүрсэн байгаа.

 

Нам эвслүүд бие даагчид нарт зургаадугаар сарын эхний 7 хоног бол тун чухал буюу нэр дэвшигчийн үнэмлэхээ гардах догдолсон өдрүүд болж байна. СЕХ-ны хувьд өндөр хариуцлагатай  ажиллах өдрүүд. Энэ хорооны эрхэм гишүүдийн шийдвэрээр бараг сурталчилгаагаа эхэлчихсэн яваа нэр дэвшигч горилогч хэвээр үлдчих магадлал бас байгаа. Тэдний нягт нарийн, хууль журам дээдэлсэн байдал энэ 7 хоногийн нэр дэвшигчдийг батламжилж зарлах үйл ажиллагаанд илэрлээ олох учиртай.

 

СЕХ сөрөг хүчин МАН-ынханд болоод гуравдагч хүчнүүд бие даагч нарт өөнтөг ихтэй харш жилтэй хандаад байгаа гэсэн гомдол байгааг энд онцгойлон тэмдэглэмээр. Үүнд олон зүйл нуршилгүй Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуягийн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргаж хэлсэн үгээс иш татлаа.

 

“...Хууль тогтоох байгууллагын хараан дор ажилладаг Сонгуулийн ерөнхий хороо уг нь төрийн үйлчилгээ үзүүлэх, зөвлөн туслах чиг үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ умартан хууль тайлбарлагч, хуулийг хэрхэн хэрэглэхийг заагч, өөрийн гаргах шийдвэр, хүсэл сонирхолдоо нийцүүлсэн үйл ажиллагаа явуулсны улмаас манай нам өнөөдөр хохирогч болоод байна. Манай намын зарим нөхдийн гаргасан техникийн шинжтэй алдааг тэд ашиглан сонгуульд оруулахгүй байх зорилгодоо хүрлээ.

 

...Төрийн сонгуулийг шударгаар удирдан зохион байгуулах үүрэг бүхий СЕХ улс төрийн намын бичиг баримтыг хянан баталгаажуулах, зөвлөн туслах чиг үүргээ биелүүлсэнгүй. Энэ халдвар нь Сонгуулийн бусад шатны байгууллагуудад хэрхэн тархаж тэд дур зоргоороо авирлан гаргасан шийдвэртээ эргэж буцаж байгааг харж болно...” гэжээ. 

 

Энэ зургадугаар сарын 7-нд СЕХ нэр дэвшигчдийн материалыг нягталж сонгуульдаа шуудрах  “тогтоол”-ыг уншина. "Монгол Улсад чөлөөтэй, тэгш, шударга сонгууль явагдаасай" гэж бүгд хүсч байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Их хурал ,сонгуулийн еронхий хороог тараа, сонгуулийг хойшлуулъя !!!!!!!!!!!!!!!!!!!тур засгийнгазарыг ард тумнээс байгуул ардуудаа сэрцгээ, сэдцгээ, бос бос бас дахин бос
2016-06-02