Нийслэлд 480 мянган ширхэг мод, сөөг тарьжээ
2016-06-03

Улаанбаатар хот тохижилтын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн ажлыг төлөвлөлтийн дагуу хийж байна. Улаанбаатар хотын гудамж талбай, цэцэрлэгт 5 дугаар сард 480 мянган ширхэг мод, сөөгийг тарьж, 950 мянган метр квадрат зүлэгт талбайг самнан, 2100 мянган мод сөөг, 950 мянган метр квадрат зүлгэнд усалгаа хийж, 150 мянган метр квадрат талбайн модны тогоог сэргээн хөрсийг сийрэгжүүлэв.



Мөн төвийн 13 гудамжинд нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас 6 нэр төрлийн 1483 мод, сөөгийг нүхэнд болон тусгай саванд тарьж байрлуулаад байна.



Хотын хэмжээнд энэ жил нийт 350 мянган метр квадрат талбайд зүлэг тарихаас Наадамчдын зам дагууд 80000 метр квадрат талбайг зүлэгжүүлэх ажил эхлээд байна. Зүлэгний үрлэгээг 6 дугаар сарын 05-10-ны хооронд хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 06 сарын 05-наас гудамж талбайг цэцэгжүүлэх ажлыг хийж эхэлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин