Монголоос дэлхийн хэмжээний бүжигчин төрнө гэдэгт итгэдэг
2016-06-03

Энэ сарын 4-нд “Night of Ballet” олон улсын балетын наадам Улаанбаатар хотноо болно. Тус наадмыг санаачлан зохион байгуулдаг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай уулзаж ярилцлаа.

 

-Энэ жилийн наадам урьд өмнөхөөс юугаараа ялгаатай вэ?

-Анх 2011 онд “Night of ballet” олон улсын  наадмыг зохион байгуулж байлаа. Энэ жилийн хувьд сонгодог үзүүлбэрийг түлхүү оруулсан. Уригдан ирж буй бүжигчид маань ч их алдартай. Тухайлбал, Родриго Алмаралес гэх алдартай бүжигчинг манай үзэгчид сайн танина. Учир нь тэрбээр манай улсад хоёр дахь удаагаа ирж байгаа. Мөн Америкийн Жосеф Майкл Гатти, Бостоны Дасти Баттон гэх сонгодог урлагаараа төдийгүй сошиал ертөнцөд нэр алдраа дуурсгасан мундаг бүжигчин ирсэн. Энэ жил анх удаагаа Канадын үндэсний балетын бүжигчид  ирээд байна. Канадад бүжиглэж буй япон бүжигчнээс гадна Япон, БНХАУ, ОХУ гэхчилэн олон сайхан бүжигчин оролцоно. Олон улсын балетчид энэхүү наадамд дэлхийн сонгодог урлагийн их ноён оргил бүтээлүүдийг Монголын тайзнаа амилуулахаар бэлтгэлээ базааж байна. Наадмын бас нэгэн онцлог гэвэл миний бие уртын дуучин Г.Эрдэнчимэгтэй хамтарсан “Монгол бахархал” уран бүтээлийг энэхүү наадмын үзэгчдэд анх удаа тоглож сонирхуулна.

 

-Улс орны бүжигчин бүр ур чадварын хувьд ялгаатай байдаг болов уу?

-Улс орон бүрт ялгаа бий. Тиймээс манай бүжигчдэд их туршлага болно. Орос, Америк, Франц школ урьд нь их ялгаатай байсан бол одоо тэр ялгаа улам бүр багасч байгаа. Нэг нь нөгөөгийнхөө давуу талыг нутагшуулж, сул талыг зассанаар өнөөдөр ОХУ-ын “Большой театр”-ын бүжигчин ч Бостоны тайзан дээр бүжиглэж байна. Англи, Кубын бүжигчин ч Оросын Большой театрт бүжиглэж байгаа. Урлаг ийм сайхан даяаршиж буй нөхцөлд манай Дуурийн театрынхан маань таг суугаад байж болохгүй. Ирэх онд л гэхэд Монгол Улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойн үеэр манай балетын бүжигчид очиж тоглох юм.

 

 

-Наадам зохион байгуулахад багагүй хэмжээний зардал гардаг гэж та хэлсэн. Санхүүгийн бэрхшээлийг хэрхэн шийдэж байна вэ?

-Нэр хүндтэй балетчид учраас урьж авчрахад эдийн засгийн хувьд мэдээж амар биш. Олон алдартныг урих тусмаа зардал өснө. Гэхдээ эдийн засгийн хүндрэлээс болж, наадмаа алгасахыг хүсээгүй. Энэхүү хүслийг минь хүндэтгэн “Night of ballet” наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй “Corporate Convention Centre” компани болоод Т.Ганболд захиралдаа талархлаа илэрхиймээр байна. Тус төвийн концертын танхимд бид наадмаа хийнэ. Маш сайхан танхим, тайз. Сонгодог урлагийн тайз гэдэг бусдаас ялгаатай. Тэр бүхнийг хангахын тулд ажиллаж байгаа бүх хүмүүст талархал илэрхийлэх нь зөв болов уу. Цаашид хамтарч ажиллах урам зориг өгч байна.

 

-Ер нь энэ тэмцээн монголд зохиогдсоноор ямар ач холбогдолтой гэж та харж байна?

-Энэхүү наадам Монголын сонгодог урлагийн хөгжлийн түвшинг тодорхойлох нэр төрийн нэгэн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Сонгодог урлаг гэдэг бол үнэхээр глобал урлаг гэж боддог. Дэлхий даяараа глобалчлагдаж байгаа энэ цаг үед балетын урлагийг зөвхөн Монголдоо хөгжүүлээд, зөвхөн Монголынхоороо төсөөлөөд байх албагүй. Үүнийг мэргэжлийн балетчин хүнийхээ хувьд түрүүлж харсан гэх юм уу даа. Ер нь дэлхийн шилдэг бүжигчдийг нэгэн дор цуглуулж, орчин үеийн сонгодог бүжгийн урлагийн хөгжлийг тодорхойлдог олон улсын хэмжээний наадам дэлхийд тоотой хэдэн оронд зохиогддог. Үүн дотор Монгол Улс багтаж, энэ төрлийн наадмыг зохион байгуулдаг Азийн 3 дахь орон болж байгаагаар бид бахархах эрхтэй.

 

-Монголын балетын хөгжлийг аль түвшинд үнэлэх вэ?

-Манай балетчид үнэхээр сайн. Тийм ч учраас манай улсын балетын хөгжил гэгээлэг харагдаж байна. Урьд нь гадаадад балетчин бэлтгэдэг байсан бол одоо дотооддоо төгсгөдөг болсон. Дотооддоо төгсгөсөн анхдагчдын нэг нь би. Одоо бол сургуулиас гадна маш олон дугуйлан үйл ажиллагаа явуулж чадварлаг боловсон хүчин бэлтгэж байна. Энэ хэрээрээ олон улсын балетчид ямар түвшинд байна вэ гэдгийг анзаарч ирээдүйдээ заах бүрэн боломжтой болж байна.

 

 

-Та балетын сургууль нээх тухай ярьж байсан. Биелэлээ олов уу?

-Монголын балетын хөгжил сангийнхаа дэргэдэх балетын сургуулийг нээсэн. Үйл ажиллагаа явуулаад 2-3 сар болох гэж байна. Би их баяртай байгаа. Учир нь “Цөмөөхэй” балетад л гэхэд балетаар хичээллэх хүсэлтэй 50-60 хүүхэд оролцон тоглодог. Гэтэл зааж сургах сургалтын төв байхгүй учраас би монголынхоо хүүхдүүдийг өрөвддөг байсан. Хүсэл тэмүүлэл байх ч заах анги танхим, сургалтын төв байхгүйд нь. Тийм ч учраас балетын сургууль нээе гэж зорьсон юм.

 

-Балетын урлагт охид илүү сонирхолтой байдаг болов уу?

-Балетаар хичээллэж буй хүүхдүүдийн олонх нь охид шүү. Охид бүжиг, хөвгүүд спортыг илүүд үздэг нь төрмөл сонирхол л доо. Мөн чанар нь тийм юм. Тиймээс балетын болон бусад төрлийн бүжгийн сургуульд охид илүү байдаг. Манай улсын хувьд эрэгтэй бүжигчид олонтой. Өнгөрсөн өвлийн Цөмөөхэй бүжигт л гэхэд 40 гаруй эрэгтэй хүүхэд бүжиглэсэн.

 

-Таны хоёр охин бүжиглэдэг үү?

-Мэдээж, охид маань балетад дуртай. Балетаар хичээллэхийн зэрэгцээ дуулна, хөгжим тоглоно.Том охин маань мюзиклд илүү сонирхолтой. Харин цаашид мэргэжлээ болгож сонгох эсэхийг өөрсдөө шийдэх биз.

 

-Сонгодог урлаг хүүхдийн төлөвшилд эерэгээр нөлөөлдөг гэдэг.

-Санал нэг байна. Хамгийн чухал нь балетын урлагийг ойлгодог болж, хүмүүжилд нь сайнаар нөлөөлнө гэдгийг би амлаж чадах байна. Балетаар хичээллэсэн хүүхдээс хэзээ ч бүдүүлэг авир гарахгүй. Ядаж л балетын хувцас, тютю, чишк өмсөж үзээд хүүхдүүд маш их баярлаж байгааг та анзаарсан биз дээ. Гэхдээ энэ олон хүүхдүүд дундаас дэлхийн хэмжээний бүжигчин төрнө гэдэгт би итгэдэг. Бяцхан хүүхдүүд маань сонгодог урлагийг багаасаа мэдэрч байгаад баярлаж байгаа. Эцэг эхчүүд ч охид, хөвгүүддээ сэтгэл гарган балетын сургууль руу хөтөлж ирэх болсон нь хамгийн талархууштай. Балет бол хэцүү бөгөөд маш гайхамшигтай урлаг. Тэр гайхамшгийг багаасаа мэдэрнэ гэдэг бол дэндүү сайхан хэрэг.

 

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mash caixan gaixamshigtai baxarxamaar bvjigchin shv Taniar mongol baitugai Delxii bayasna ta xvn bolj turcuniixui gavyag bvrdvvlj chadjee bsxarxaj baina shvtej baina mun bayarlaj baina.Gsixamshigtsi amjiltiig gargaarai
2016-06-03