Үндэсний музей ”Мини кино театр”-тай боллоо
2016-06-06

 

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас Монголын Үндэсний Музейд “Миний кино театр”-ыг хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд БСШУЯ-ны соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Монголын Үндэсний Музейн захирал, доктор Д.Сүхбаатар нарын албаны хүмүүс оролцов.

 

БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр Япон улсад үйлдвэрлэсэн Panasonic брэндийн PT-RW330EA загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэл, 44 сая төгрөгийн үнэ бүхий, 60 хүний суудалтай “Мини кино театр”-ыг Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд суурилуулжээ. Тус кино театрын дэлгэцнээ Үндэсний музейн архивт хадгалагдаж буй баримтат кинонууд гарах аж. Цаашид бусад кино продакшнтай хамтран ажиллаж залуусын хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн киног олны хүртээл болгоно гэдгийг тус музейн захирал Д.Сүхбаатар хэлж байна.

 

Тэрбээр “Энэхүү мини кино театрыг ашиглалтад оруулан нээсний дараа музейн сан хөмрөгт байгаа бодит боломжид түшиглэн баримтат болон уран сайхны киног үзэгдчийн хүртээл болгоно. Нэн ялангуяа хүүхэд залуучуудад зориулан танин мэдүүлэх үүднээс түүхэн, баримтат киног гаргана гэж бодож байгаа. Музейн сан хөмрөгт 56 мянган үзмэр, 10 гаруй түүхэн кино бий. Тухайлбал 1990 оны ардчилсан хувьсгалын тухай олон нийтэд дэлгэгдээгүй цоо шинэ кино бий. Үүнийг хувилан олшруулж хуулийн дагуу олон нийтийн хүртээл болгоно. Ерөнхийдөө энэхүү театр нээгдсэнээр  манай улсын музей олон улсын жишигт нэг алхам дөхөж байна гэсэн үг. Бид жилдээ 85 мянган хүнд үйлчилдэг. Үүний 50 хувь нь гадны зочид төлөөлөгчид байдаг. Тэгэхээр гадны болон дотоодын үзэгчдийн тоо нэмэгдэх байх гэж бодож байна” хэмээв.

 

 

Уг кино театрыг музейд ашиглалтад оруулснаар үзэгчдэд Монголын түүхэн кинонуудыг музейн үзмэрийн дэглэлт, үзүүлэлттэй хослуулан үзэх боломжтой ажээ. Цаашлаад тус кино театрыг 14 сумын соёлын төд суурилуулж буй юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин