Н.Онон: Залуусын найман жилийн дараах өөрчлөлтийг харлаа
2016-06-07

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ононтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Сайн уу амьдрал минь II” уран сайхны киноны продюсераар ажиллажээ.

 

-Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр кинонд тоглосон олон залуус дунд та л содон харагдлаа?

 

-/инээв.сур/. Бид “Номадс фильм” гэдэг кино продюсерын компани байгуулсан юм. Энэ компани байгуулагдаад 5-6 сарын нүүрийг үзэж байна. Үйл ажиллагааны чиглэл гэх юм бол кино бүтээхэд маркетинг, менежмент, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Үндсэндээ бол кино урлагийг өндөр түвшинд бүтээхэд өөрийнхөө чадах хэмжээнд туслах, дэмжих, хамтран сайхан уран бүтээл хийх ийм л зорилгоор байгуулагдсан компани юм. Энэ зорилгынхоо хүрээнд “Сайн уу амьдрал минь II” гэдэг энэхүү кинонд шижигнэсэн залуучуудтай хамтран ажилласан хэрэг.

 

-Ихэнхи нь өнгөрсөн хавар л сургуулиа төгссөн залуус байна. Залуустай хамтарч ажиллах ямар байв аа?

 

-Манай залуучууд ахмад юм уу дунд үеийн жүжигчдээс дутах зүйлгүй юм билээ. Мэдээж жижиг жижигхэн алдаа байсан ч найруулагч нь туршлагатай учраас дор бүр нь хэлж зөвлөн, засаад кино уран бүтээлчид бол туршлагатай уран бүтээлийн хэмжээнд тоглосон гэж би үзэж байгаа.

 

-Та ч бас дүрд тогложээ?

 

-Миний дүр бол жижиг дүр. Киноны гол дүрийн залуусдаа туслах үүднээс тоглосон. Ер нь бол бүтэн цаг 30 минут дэлгэцэнд гол дүрд тоглосноос хальт ороод гарах чинь чимэгтэй байдаг шүү дээ.

 

-Энэ кино анх 8 жилийн өмнө хийгдэж байсан. Кино хийх явцад тэр үеийн залуус одоо үеийн залуусын үзэл хандлагын ялгаа харагдсан болов уу?

 

-Харагдалгүй яахав. 2008 онд  нэгдүгээр анги нь хийгдэж байсан. Тухайн үед сургуулиа төгсөж байсан, 18-20-тай залуучуудын ертөнцийг үзэх үзэл ямар байв. Тэгвэл одоо үеийн тэр насны залуусын үзэл хандлага асар их ялгаатай болсон байна. Бид яагаад энэ киноны хоёрдугаар ангийг хийсэн бэ гэхээр үүнийг л гаргаж ирэхийг хичээж эхлүүлсэн юм. Ерөөсөө наймхан жилийн дотор залуусын ертөнцийг үзэх үзэл нь гайхмаар, шал ондоо болжээ.

 

-Тухайлбал?

 

-Найман жилийн өмнөх тухайн цаг үед сошиал хэрэгсэл байсан боловч залуус өнөөдрийнх шиг ингэж хүчтэй орж, хэрэглэж  байсан бил үү. Мэдлэг, мэдээллийг хаанаас авч, амьдралыг юу гэж үзэж байлаа. Одоо тэгсэн ингээд харахаар тэр үеийн залуус, одоо үеийн залуус хоорондын хандлага, ижий аавтайгаа харьцаж байгаа гэр бүлийн харилцаа нь хүртэл өөр болжээ. Тэгэхээр амьдрал маш хурдацтай, хөгжилтэй, баялаг болж байна гэж би бодоод байгаа юм.

 

-Тэр бүгдийг кинондоо тусгаж чадав уу?

 

-Бүгдийг оруулахыг зорьсон. Ер нь тусгаж чадсан шүү.

 

-Киноны нэг онцлог нь Монголд анх удаа кино франчайзинг гэдэг зүйлийг эхлүүлж байгаа гэсэн. Энэ ямар учиртай вэ?

 

-Ерөнхийдөө товч тайлбарлавал их бүтээлийн залгамж халааг, үргэлжлүүлэн хадгалж явах л ухагдахуун юм. Хамгийн урт, хамгийн олон ангиар үргэлжилсэн кино франчайзинг бол “Жеймс бонд”. Энэ кино бол 53 жил үргэлжилж, 25 анги хийгдэж 6 цаг үеийн өөр өөр Жеймс бонд төрсөн байдаг. Бид яг үүнтэй адил “Сайн уу амьдрал минь” I, II, III гээд цаашид үргэлжлүүлнэ гэсэн үг.

 

-Үйл явдал үргэлжлээл явна гэсэн үг үү?

 

-Үгүй. Хүмүүс харин нэгдүгээр ангид болсон үйл явдал, түүх үргэлжилнэ гэж ойлгоод байх шиг байгаа юм. Тийм биш. Кино франчайзинг гэдэг маань тухайн бүтээлийнхээ киноны агуулгыг аваад явах болохоос биш гол дүр, хөндсөн санаа, сэдэл өөр байх юм. Зөвхөн “Сайн уу амьдрал минь” гэдэг нэрэн дотор тухайн цаг үеийн залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл, үзэл хандлагыг тодорхойлон цаашид уламжилж явна гэсэн үг. Тийм болохоор цаашид ч энэ кино хийгдэнэ.

 

-Мөн сонсголгүй иргэдэд зориулан хадмал орчуулгыг оруулж өгсөн гэсэн.

 

-Нэг киног сонсголын бэрхшээлтэй иргэд ирж үзсэн юм. Тэгээд үзэх биш өөд өөдөөсаа хараад суугаад байсан юм. Тэгсэн чинь нэг сонсголтой залууг дагуулж ирээд, нөгөө залуу нь хоёр сонсголгүй найздаа тайлбарлаж өгч байсан юм билээ. Үүнийг хараад л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч кино урлагийг ойлгох орон зайг нь олгохсон гэж бодож явсан юм. Ер нь уран бүтээл гэдэг өөрөө цагаан мөртэй, буян байх ёстой.

 

 

-Кино цаашид үргэлжлэх юм бол урлагийг сонирхон судалж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анги бүр дээр энэ төрлийн зүйлийг тусгаж өгвөл сайхан юм.

 

-Миний хариулт хатуу сонсогдож магадгүй. Гэхдээ кино бол үзүүлэх урлаг. Тийм болохоор аливаа нэг хүний биологийн онцлогт тулгуурлан бүх уран бүтээлээ зориулж чадахгүй шүү дээ. Харин урлагийн төрөл дотроо харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ном элбэг байдаг. Мөн сонсдог ном, товгор үсэгтэй ном бий. Сонсголын бэрхшээлтэй иргэдийг анзаараад байхад Монголын телевизүүдийг үзэж чаддаггүй хандлага илэрч байна. Ихэвчлэн МҮОНТ-ын МН агентлагын мэдээг л үзнэ. Эдгээр иргэнээс та монгол кино үздэг үү гэж асуухад үгүй гэдэг. Яагаад гэхээр ойлгодоггүй. Тийм болохоор зөвхөн гадаад сувгаар гарч байгаа Холливуудын киног л үздэг. Тухайн кинонууд нь хадмал орчуулгатай гарч байгаа нь сонголтод нь нийцдэг байгаа юм. Үүнийг сонирхон судалж,  нийгмийн энэ зорилтот бүлэг рүү чиглэсэн зүйлийг кинондоо тусгахыг хүссэн.

 

-Та өмнө нь 7 уран сайхны кино продюсорлож байсан байх аа. Кино урлаг руу урвах гээд байна уу?

 

-Хуулиар хориглоогүй бүх төрөл, чиглэл рүү орох ёстой гэж үг байдаг. Тэр утгаараа бүхий л төрөл, жанраар хүч үзэж, оролдоод үзнэ л гэж бодож байгаа. Энэ миний 7 дахь уран бүтээл. Өмнө нь “Сэргээш I,II, III”, “Болсон явдал”, “Миний хөрш чөтгөр”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”  гээд ихэнхи нь “Х түц” хамтлагтайгаа хамтарч ажилласан байдаг. Энэ бол “Х түц”-ээс гадна хийж байгаа миний анхны продюсорын ажил юм.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Ононд хоерын хооронд сахал юмуу юу юм зохихгуй байна. Буур хусчихвал яасын. Ажилд нь амжилт хусье.
2016-06-08
Зочин:
onond gavuatiig ni ogox boloogyi uy elbegdorjoo
2016-06-08
Зочин:
Onongiin shuult taalagdaad bgaa .yag tuun shig
2016-06-07
Зочин:
goy kino
2016-06-07
зочин:
Яг түүн шиг шоу гоё болжээ Одоогийн залуусынбие биедээ хандаж байгаа байдалыг харахаар бид бас сайн тал руугаа их өөрчлөгдөж байгааг хараад баярлаж байна. Өмнө нь нэг тэмцээн уралдаан болохоор нэгнийхээ өмнө орох гэж яаж өрсөлдөж бие биенээ хүндлэхгүй байдаг байсан билээ. Одоогийн залуус бие биенийхээ хөдөлмөрийг хэрхэн үнэлж байгааг харахаар гоё байна
2016-06-07