Т.Содгэрэл: Хойд эцэгтэй хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна
2016-06-09

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “108*152” төслийн нэгдүгээр шатны үйл ажиллагаа нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд хэрэгжиж дуусчээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нийгмийн ажилтан Т.Содгэрэлээс тодрууллаа.

 

-“108*152” төслийн хүрээнд хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагыг тандсан гэж сонссон?

-Төслийн хүрээнд хороодын нийгмийн ажилтнууд өөр өөрийн хороонд 108 утсаар дамжуулан хаяглагдсан шийдвэрлэхэд хүндрэлтэй, төвөгтэй, ээдрээтэй хэргүүд дээр Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтарч  ажилласан. Ерөнхийдөө хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалтын гурван хэрэг дээр ажилласан юм.

 

-Тэгвэл зөвхөн хүүхэд ч биш, томчууд ч 108 утсанд ханддаг байх нь?

-Гэр бүлийн асуудал их нарийн төвөгтэй. Энэ дундаас гэр бүл цуцлалтыг онцолж хэлмээр байгаа юм. Тухайлбал 37 жил ханилсан гэр бүлийн хоёр гэрлэлтээ цуцлуулахаар захиргааны шүүхэд хандсан байна. Ахимаг насны гэр бүл учраас бага насны хүүхэдгүй, гэр бүлийн хүчирхийлэл дарамт шахалт байна уу гэхээр үгүй. Тэгээд бид энэ хэрэг дээр тандалт судалгаа хийсэн. Үүний дүнд хэд хэдэн гаргалгаа хийж шийдвэрлэсэн. Хөгшрөхийн хэрээр хүний ааш зан, бие физиологт өөрчлөлт гарч, үзэл бодол таарч тохирохоо больдог юм байна. Иймээс бүхий л асуудал дээр санал зөрөлдөж, ойлголцохоо байдаг. Энэ л шалтгаанаас олон жил ханилсан эхнэр, нөхөр гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан байгаа юм. Гэтэл эд хөрөнгийн маргаантай байсан учраас захиргааны журмаар асуудлаа шийдвэрлүлэх боломжгүй болсон. Гэтэл угтаа энэ гэр бүл иргэний хэргийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан. Салбар дундын мэргэжилтнүүдийн уялдаа холбоогүйгээс, иргэдийн хуулийн мэдлэг дутмагаас тухайн гэр бүл иргэний шүүхэд хандаагүй байгаа юм. Эндээс нэг зүйл ажиглагдсан. Өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ буруу чиглүүлж байгаа хандлага байна.

 

 -Танай хороонд гэхэд хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага сард хэд ирж байна?

-Манай хороон дээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн хэрэгтэй холбоотой дуудлага сард 3-4 ирдэг. Мөн цагдаагийн 102 утсанд их ханддаг. Манай хороо Баянзүрх дүүргийн хоёрдугаар цагдаагийн хэлтэст харьяалагддаг. Тус хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасаг гэж бий. Тус тасгаас манай хороонд гарсан гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн мэдэгдлийг ирүүлж, мэдэгдлийн мөрөөр мөн ажилладаг байгаа. Эхэн үед 108 утсанд хажуу айлын хүүхэд уйлах төдийд ханддаг байсан. Гэтэл дуудлагаар очих үед хүүхэд тоглоом, аав ээжийнхээ утас, чихэр нэхэх зэргээр уйлсан тохиолдлууд байдаг байсан. Гэхдээ өө тийм үү гээд өнгөрчихдөггүй. Тухайн айлдаа тандалт хийдэг. Тухайн хүүхэд хэр давтамжтай уйлж байна, гэр бүлийн орчин нөхцөл гээд олон зүйл дээр судалгаа явуулдаг. 108 утсанд бүртгэгдсэн айлуудаа эргээд бид хянаад явдаг. Өөрсдөө очих ч юм уу, хөршөөр нь дамжуулан мэдээлэл цуглуулдаг.

 

-Ямар төрлийн хүчирхийллийн дуудлага голчлон ирэх үү?

-Янз бүр. Ихэвчлэн үл хайхрах, бие махбодийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага ирдэг. Мөн зарим тохиолдолд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн дуудлага, мэдээлэл ирдэг.

 

Нийгмийн ажилтан иргэдтэй илүү ойр байдаг. Иймдээ ч тухайн айлд тулгамдсан асуудлыг сайн мэддэг болов уу. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой олон хэрэг дээр ажилласан биз?

-Тэгэлгүй яахав. Хорооныхоо иргэн нэг бүртэй тулж ажилладаг. Хэний хэн хаашаа явж, хаана суралцаж, хэнийд ямар асуудал тулгараад байгаа талаар нийгмийн ажилтан л мэддэг. Би энэ мэргэжлээр тав дахь жилдээ ажиллаж байна. СӨХ-үүд байрны жижүүр ажиллуулдаг. Энэ ажлыг ихэвчлэн эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд хийдэг. Дээрээс нь олон хүүхэдтэй. Мөн байрны подволийн өрөөнүүдийг хөлслүүлэх нь их байдаг. Энд мөн л бага орлоготой иргэд амьдардаг.  Гэр хорооллын, хөдөөнөөс шилжилт хөдөлгөөн хийгээд ирчихсэн иргэдэд хамгийн хямд үнэтэй байр подволийн өрөө болчихоод байгаа юм. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт энгийн үзэгдэл болж. Үүнээс үүдэн өрх  толгойлсон ээжүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ ээжүүд маань ханиараа хамтран амьдрагч сонгож байна. Гэтэл тухайн хамтран амьдрагч нь хэсэг хугацааны дараа өөрчлөгдөж эхэлдэг. Сэтгэлзүйн хувьд бэлэн бус байж байгаад гэнэт олон хүүхэдтэй болоод ирэхээр уурлана, бухимдана, цаашид хамтран амьдрах итгэлгүй болно. Үүнээс үүдээд гэр бүлийн хүчирхийлэл их үйлдэгдэж байна.

 

-Хойд эцгийн дарамт хүүхдүүдэд их байна гэсэн үг үү?

-108 утсанд ирсэн хэргүүдийг ажиглаад судлаад үзэхээр ихэвчлэн эрчүүдтэй холбоотой. Эрчүүд маань эхнэр нөхөр, гэр бүлийн нарийн нандин харилцааг ухаарахгүй, ойлгохгүй байна. Эрчүүд оюуны ядууралд орсон байна. Нэгэнт л гэр бүл болоод зовлон, жаргалаа хуваалцаад хамтран амьдарч байгаа бол дагавар гээд байгаа эхнэрийнхээ хүүхдийг өөрийн үр хүүхэд мэт хайрлах л хэрэгтэй. Гэвч үүнийг хөгшин, залуу гэлтгүй эрчүүд маань ойлгохгүй байна. Эрчүүд хүүхэдтэй хүнтэй суухдаа л өөрийгөө хойд эцэг, эхнэрийнхээ хүүхдийг дагавар хүүхэд гээд харчихдаг. Тэгээд энэ байдлаасаа гарч чадалгүй ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэл үйлддэг. Ээжид нь сэтгэл санаа, биеийн дарамт үзүүлдэг байх жишээтэй. Ихэвчлэн хойд эцэгтэй хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг нь үүнтэй холбоотой.

 

-Танай хороо хэдэн хүн амтай вэ? Хүн амын хэдэн хувь нь хүүхэд вэ?

-Манай хороо долоон мянга орчим хүн амтай. Үүний тал хувь нь буюу 3300 орчмыг 0-18 насныхан эзэлдэг. Иргэдийн амьжиргааны түвшин дундаж гэж хэлж болно. Амьжиргааны түвшин доогуур амьдралтай айл ховорхон. Бараг байхгүй. Үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг бусад хороодтой харьцуулахад харьцангуй бага. Ер нь хүүхдийн тусламжийн 108 утас ажиллаж эхэлснээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, зөрчигдсөн тохиолдолд ахин өртөхөөс хамгаалж, хамгаалалтад авч, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж чадаж байгаа.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene chin eejiinhen buruu uildel bna. Amidrahgui bj hen negnees huuhed gargaj iim baidald hurgeed bna. Tiimees olon ertei suugaad bgaa Eejiig yah be
2016-06-09