Хүннүгийн үеийн нум, сумыг үзэсгэлэнд дэлгэв
2016-06-10

 

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам болон Монголын Үндэсний музей хамтран “Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” үзэсгэлэнг энэ өдөр тус музейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

 

Үзэсгэлэнд  музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн XIX зуун хүртэлх үеийн дурсгалаас эл танхимд дэлгэжээ. Түүнчлэн Монгол Улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Гоц мэргэн Ж.Баттөмөр, Хүндэт мэргэн, нум урлаач Т.Батмөнх, нум сум урлаач, “Хөвчит нум” ХХК-ийн захирал С.Болдбаатар нарын нум сум, хэрэглэл, судлаач  Л.Мөнхийн хувийн цуглуулга болон шинээр туршиж сэргээн үйлдсэн 300 гаруй үзмэрийг анх удаа дэлгэн үзүүлэв.

 

Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар "Эртний нумыг судлахад булш, оршуулгын хэрэглэгдэхүүнүүд бодит эх сурвалж болно. Ялангуяа, хадны оршуулгын олдворууд онцгой сайн хадгалалттай байдаг нь их ач холбогдолтой. Тухайлбал, Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант Хайрхан, Булган сумын Чонот уул, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дугуй Цахир, Өвөрхангай аймгийн Богд сумын Цагаан хадны оршуулгад дагалдуулсан нум сум маш сайн хадгалагдан үлдсэн нь тухайн үеийн нум сумын технологи, хийцийг харуулах боломжийг олгож байна” хэмээв.

 

Дашрамд сонирхуулахад өнөөгийн Монгол нумын үүсэл гарал Хүннүгийн үе буюу одоогоос 3000 гаруй жилийн түүхтэй ажээ. Тухайн үеийн нум урлаачдын урласнаар хөгжиж байгаад XIII зуун буюу 1220-1340 онд хамгийн оргил үедээ хүрчээ. Дэлхийн ихэнх улс оронд өдгөө хүртэл эртний модон нумаар харвадаг бол монголчууд бидний өвөг дээдэс 3000 гаруй жилийн тэртээд амьтны эвэр, шөрмөсийг эвлүүлэн нааж хүчтэй, хол зайд оновчтой тусах шөрмөсөн артай, эвэр элэгтэй, хичир бүхий нумыг бүтээснээр дэлхийн хүн төрөлхтний оюуны соёлд тодорхой хувь нэмэр оруулсан байдаг байна.  

 

Үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болох ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин