Явуулын эмнэлгээр тусламж үзүүлнэ
2016-06-11

Рентген аппарат, эхо, дурангаас өөр оношилгооны тоног төхөөрөмжөөр дулимаг байсан цаг үе ард хоцорч эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл үе шаттай хийгдэж байна.

 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгджээ. Гэсэн хэдий ч цаашид тогтвортой хангамж шаардлагатай байгаа нь судалгаагаар батлагдаад байна.

 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ынхан эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажилд зориулан 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Улсын төсвөөс 64 иж бүрэн түргэний машин, Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 13 аймагт 2.1 тэрбум төгрөгийн түргэн тусламжийн машиныг нийлүүлсэн байна.

 

Тиймээс цаашид хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, төрөлжсөн эмнэлгүүдийг бүрэн шинэчлэхээр болжээ. Мөн нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлж, яаралтай тусламжийн хурд, чанарыг илүү нэмэгдүүлэхээр болсон байна. Түүнчлэн иргэдэд шаардлагатай байгаа тусламж үйлчилгээг явуулын эмнэлгээр үзүүлэх аж.

 

Тодруулбал, иргэдэд хамгийн их төвөг учруулдаг жирэмсний хяналт, гэмтэл, хавдрын тусламж үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэх зорилготой юм байна. Хавдаргүй Монгол, Каритас Чех, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлсэн явуулын эмнэлгийн төслөөс нүүдлийн соёлтой монгол хүмүүсийн хувьд иргэндээ хүрсэн, зөв санаачилга гэж үзжээ. Тиймээс жирэмсний хяналт, хавдар сүрьеэгийн оношилгоо, хяналтыг байнга явуулын эмнэлгээр үзүүлдэг болгоход анхаарч санхүүжилт, төлбөрийн асуудлыг төсөв даатгал, хувийн төлбөрөөс шийдэх эрхзүйн бүрдүүлэхээр болсон байна. Ингэснээр дээрх чиглэлиийн үйлчилгээг орон нутаг, төв суурин газар, өндөр түвшинд чанарын хяналттай явуулах мэргэжлийн эмч мэргэжилтний баг ажиллаж, ачаалал чирэгдлийг бууруулж тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлдэг болохоор зорилт тавин ажиллаж байгаа аж.

 

Б.Саран

Shuud.mn
Сонин хачин