Нэр дэвшигчээ тандах 18 хоног
2016-06-13

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эх орон даяар нэг өдөр эрчтэй эхэллээ. 18-хан хоног үргэлжлэх энэ сурталчилгааг нэр дэвшигчид төдийгүй сонгогчид хүнээ таньж мэдэхэд бага хугацаа гэж буй. Тиймээс ч гудамж талбай өнгө алагласан зуны цэцэгсээр бус нүд эрээлжлүүлсэн нэр дэвшигчдийн зурагт хөргөөр дүүрлээ. Цахим сүлжээнд ч нэр дэвшигчдийн  мэргэн цэцэн үгтэй ишлэл хөвөрч байна.

 

Энэ удаа УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд зэрэг явагдаж байгаа. УИХ-ын сонгуульд 498, аймаг, нийслэлийн ИТХ-ын 2000 орчим нэр дэвшигч өрсөлдөж байна. Тиймээс сонгогчдын хувьд тойрогтоо нэр дэвшигчдээс хэн нь УИХ-д, хэн нь орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгааг ялгаж, салгахгүй будилах асуудалтай сурталчилгааны эхний өдрүүдтэй нүүр туллаа. Зарим тойрогт сонгогчид нэр дэвшигчдээ тэр бүр нэрийн байтугай зүсийг нь ч танихгүй байгааг харахад шинэ хүмүүс хүч төрөн орж ирсэн нь харагдана.

 

Цахим сүлжээгээр нэр дэвшигчдийн нэр, хэлсэн үг урсаад л өнгөрдөг. Хүмүүс тэр бүр тогтож хараад байдаггүй. Тиймээс нэр дэвшигчид сурталчилгааны цөөн хэд хоногтоо сонгогчидтой биечилсэн уулзалт хийх нь илүү үр дүнтэй, шинэ хүн бол ядаж өөрийгөө таниулах хэмжээнд байх биз. Тэр дундаа орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид анхан шатны нэгжийн сонгогчиддоо танигдаагүй байгааг сануулахад илүүдэхгүй биз.

 

Нэгэнтээ сонгуулийн сурталчилгааны нээлт, намуудын нэр дэвшигчдийг харахад жигтэйхэн ганган, гоё дээл хувцастай хүмүүс, дуу шуутай л байна. АН “АхиулАН хийх ажил их байна”, МАН “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” хэмээн уриа дэвшүүлжээ. АН хийснээ, цаашид хийх ажлаа сурталчилж байгаа бол МАН өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдалд шүүмжлэлтэй хандаж, хийхээр төлөвлөсөн бодлогоо уриалан сурталчилж байна.

 

Нэр дэвшигчид тойрогтоо өөр өөрсдийн уриатай “зочилж” байна. Эртнээс хошин шогийн мэдрэмжтэй манайхан нэр дэвшигчдийн уриаг өлгөн авч, өнгөлөн зүлгээд, үрж хатгаад эхэлчихсэн байна лээ. Өчигдрийн байдлаар “Би таны гэр бүлийн гишүүн” гэх УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч З.Баянсэлэнгэ гишүүний жиргээг цахим сүлжээний онцлох сэдэв байв. Жиргээчид “Лизингээ хувааж төлөх хүнтэй боллоо, тогооны хүн чинь болъё гээд байна, хоёр эхнэртэй хууль хэзээ батлагдах вэ, хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэх зэргээр маазарч, басхүү эрхэм нэр дэвшигчийг давхар сурталчлаад амжлаа. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэх УИХ-ын сонгуулийн 62 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Цогзолмаагийн сонгуулийн уриа хүмүүсийн анхаарлыг татаж байна лээ. Гэхдээ ямар нэг мөнгө, эд зүйл амлаж, уриалахыг Сонгуулийн хуулиар хориглосон. Тиймээс энэ уриа Сонгуулийн хуулийг зөрчиж байгаа эсэхэд хүмүүс эргэлзэж байна. 

 

Үүд тогшсон урилгагүй зочид, захиалаагүй сонин, сэтгүүл, телевизийн захиалгат нэвтрүүлгүүд гээд шил шилээ дарсан сурталчилгааны 18 хоног нэр дэвшигчдэд чамлахаар ч сонгогчид илүү сартай зун шиг л санагдах биз. Гэхдээ л сонгуулийн сурталчилгаа ямар ч рекламыг нам дарж байна даа. Энэ хэдэн өдрүүдэд худалдааны байгууллага, үйлчилгээний газрууд хямдрал, урамшуулал зарласан сурталчилгаа хийх шаардлагагүй биз. Учир нь иргэд нэр дэвшигчтэйгээ танилцах,  нөгөө тойргийнхонтой харьцуулах, танай манай тойрогт нэр дэвшигч юу ярьж, амлаж байгааг тандах гээд чухам завгүй байцгаах биз.

 

Ямартай ч энэ өдрүүдэд сонгогчид тойрогтоо нэр дэвшигчдийн хэн нь бэлтэй, хэн нь мэдлэгтэйг шинжээд байж дээ.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Сүмбээ:
Иргэдийн худалдаж байгаа хувьцаа ч гэсэн сонгуулийн шоу. АН-ын Зи Энхболд үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа хэрэг, ерөнхий сайд болох өчүүхэн хүслээ даган хийж байгаа явуургүй үйлдэл. Монголчуудыг нэг удаад 300мянга аваад саналаа худалдах тэнэг хүмүүс биш гэж итгэж байна. СОнголтондоо хариуцлагатай хандацгаая
2016-06-13
Сүмбээ:
Эхнээсээ ил цагаандаа гарчихсан Бурмаа, З.Энхболд гээд байж л байна. ХХААЯын Бурмаа сонгуулийн хууль зөрчөөд иргэдэд трактор хямдралтай худалдаж, маш бага хүүтэй зээл тусламж зэргийг санаачилж байна. Энэ бол байж болохгүй асуудал. 4 жил хийгээгүй юмаа нэг хоногт хийж байгаа хэрэг.
2016-06-13
Сүмбээ:
Жил болгон л баахан төсвийн мөнгө идэж сонгуульдчихаад, ард түмний саналыг луйварддаг гарууд л байна АН болон МАН. Шоудаж баахан мөнгө хаячихаад гарсан хойноо шархаа нөхдөг явчихсан санаатай гарууд байдаг. Шударга сонгууль болно гэх итгэл алга, МАНАН луйврын сонгууль болгох гэж л ийм хууль баталсан
2016-06-13
Зочин:
МАНАН БУДИЛИАН ТАРИГЧ ХУЛГАЙЧ НАР ЦААШАА ШҮҮ
2016-06-13