Э.Энхболд: Дайны талбарт шархатсан нөхдөө орхихгүй
2016-06-13

“Боловсрол” телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоуны оролцогч загвар өмсөгч Э.Энхболдтой уулзаж, ярилцлаа.

 

-Салбартаа тэргүүлж яваа авьяаслаг модельтой дотно танилцахаар зорьж ирлээ. Таны бага нас хаана өнгөрөв өө?

 

-Би багадаа Улаанбаатар хот Төв аймаг хоёрын хооронд л өссөн дөө. Манай ээжийн том ах, эгч хоёр Төв аймагт байдаг байсан. Тиймээс ерөнхийдөө зуны амралтаар Төв аймагт очиж шороонд тоглоод хав хар болоод л хотод орж ирдэг байлаа.

 

-Та багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?

 

-Онгоцны нисгэгч болно гэж боддог байлаа. Одоо ч мөрөөдлөө хаяагүй. Тиймээс онгоц жолоодож сурна л гэж бодож байгаа. 

 

-Ингэж асуусан нь учиртай. Та урлаг судлаач мэргэжилтэй юм билээ. Тэгсэн хэр нь загвар өмсөгчөөр ажиллаж байна. Бас “VR” гэдэг хамтлагтай  байхаа?

 

-Би урлаг судлал, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй. Эзэмшсэн мэргэжлээс өөр, загварын салбарт санамсаргүй орж ирсэн. Орж ирэхдээ орж ирсэн шиг ирсэн шүү. Би  одоо эрэгтэй моделиудын оргилд нь байна. Миний амьдрал дуу хууртай салшгүй холбоотой. СУИС-д хоёр жил сурч байсан. Тухайн үед “S one” гэдэг хамтлаг байгуулж байсан юм. Хамтлаг маань долоон удаа тоглолт хийж байлаа. Гэхдээ дандаа хөдөөгүүр. /инээв.сур/ Дуртай юмыг хаяж болдоггүй юм байна. Одоо найзуудтайгаа “VR” хамтлаг байгуулсан. Бид дөрөв тусдаа ажилтай, амьдралтай, гэр бүлтэй болохоор хамтран уран бүтээл хийхэд хүндрэлтэй байна. Гэхдээ яах вэ. Хамгийн гол нь хобби гэдэг утгаараа хамтлаг болоод дуулж, хуурдаад явахад сайхан л байдаг юм.

 

-Энэ бүгдээс харахад их олон салбарт өөрийгөө сорихыг хүсдэг шиг байгаа юм.

 

-Тийм шүү. Ер нь би их мөрөөдөмтгий шүү. Мөрөөдөлдөө, зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж л байна. Миний нэг зарчим бий. Залуу хүн зүгээр сууж болохгүй. Тэр ч утгаараа мөрөөдсөн, бодсон зүйлээ хэрэгжүүлж, алдаж оноод явж л байна. Хамгийн чухал нь гэвэл загварын салбараа л хөгжүүлэхсэн, хувь нэмрээ оруулах юмсан гэсэн зорилго бий. Би энэ салбарт санамсаргүй орж ирсэн гэж боддог. Санамсаргүй орж ирсэн ч гэсэн эрэгтэй моделууд дундаа дээгүүр үнэлэгдэж яваа хүний хувьд энэ салбараа хөгжүүлье л гэсэн зорилго  тавьчихсан байна. Тэр зорилгынхоо хүрээнд гэр бүлийн хүнтэйгээ хамтраад бяцхан бизнес эрхлээд явж байна даа.

 

-Таны мөрөөдөлд дэлхийн тайзнаа алхах  хүсэл бий юу?

 

-Байхгүй. Моделийн хувьд миний карьер болсон гэж үздэг. Нас бага, ганц бие байсан бол таны асуусныг мөрөөдөөд явж байж болох юм. Одоо би гэр бүлтэй, тогтсон сайхан амьдралтай. Тиймээс одоогийн энэ карьераа болсон гэж үздэг. Сэтгэл хангалуун байдаг. Би “Mister World”-д оролцоод авьяаслаг 10 мистерийн нэг болсон. Энэ тэмцээн нь “Miss World”-ийн эрэгтэй хувилбар нь. Эрэгтэй загвар өмсөгчдийн хувьд хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн. Энэ тэмцээнд урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ая “Аав, ээж хоёр минь” дууг дуулж байлаа. Одоо бодоход би тэр үед “түүхий” байсан байна лээ. Хөгжим дээрээ бага зэрэг ажилсан бол топ 10-т орох байсан.

 

-Та хэлсэн. Би оргилд нь байна гэж. Таныг оргилд нь гарахад юу нөлөөлсөн бэ?

 

-Амьдрал сайн, муу бүхий л зүйлс тохиолддог. Чадахгүй юм байна гэж шантрах үе бишгүй л гарч байсан. Энэ бүхэнд амар шантрадаггүй, аливаа зүйлийн ард нь гарах гэж тууштай зүтгэдэг зантай юм болов уу гэж би өөрийгөө боддог юм. Эхлүүлсэн ажлынхаа ард нь заавал гарч амжилтанд хүрнэ гэсэн хувь хүний нэг тийм үзэл надад байгаад байдаг. Энэ зан маань л давуу тал болж өдий зэрэгтэй явж байгаа юм болов уу гэж боддог юм. Модель гэлтгүй ер нь уран бүтээлч хүний хувьд эцсийн үр дүн гараад хүмүүсээс талархал, магтаал, алга ташилтыг авах л хамгийн сайхан даа. Тэрнээс хэцүү зүйл бий. Харахад ганц хоёр поз аваад зураг авхуулаад л, тайзан дээр алхаад л байх амархан юм шиг. Гэвч тийм биш. Яг моделийн мэргэжлээр ажиллаад, амьдрал дунд нь ороод явбал харагдаж байгаа шигээ биш. Хүнд шүү.

 

 

-Загвар өмсөгч байхын сайхан нь эсрэгээрээ хэцүү нь юу вэ?

 

-Мэргэжил бүхэнд сайхан зүйл бий эсэргээрээ хэцүү зүйл ч бий. Хүмүүс загвар өмсөгчдийг юу ч мэддэггүй, чаддаггүй гэсэн байр сууринаас ханддаг. Ийм эсэргүүцэлтэй тулгарч л явлаа. Энэ бүхнээс гарахад дотоод тэмүүлэл маань л надад тусалдаг. Миний дотор нэг тийм, их чадалтай, хүчтэй, харагдаж байгаагаас өөр хүн бий шүү. Тэр хүн намайг зүгээр суулгадаггүй юм. Байнга ажиллахыг шаарддаг. Ер нь тэгээд энэ орчлонд хүн болж төрнө гэдэг чинь л их том аз. Түүнээс цааш, хэрхэн амьдрах нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Эргэн тойронд бухимдалтай хүмүүс. Ажил төрөл нь бүтэхгүй болохоор тэр нь явсаар стресс болж байна. Энэ нь олон зүйлээс шалтгаалж байгаа байх.

 

 

-Ер нь манай загварын хөгжил аль түвшинд явна вэ?

 

-Би дэлхийн түвшинд гэж харьцуулж чадахгүй. Манай загварын салбарын түвшин маш доогуур явж байгаа. Гэхдээ салбар нь доогуур явж байгаач түүнд ажиллаж байгаа дизайнер, моделуудын хувьд маш өндөр түвшинд явж байгаа шүү. Сүүлийн үед манай модель, дизайнерууд маш том том шоу арга хэмжээнд оролцож, түрүүлээд ирж байна. Манай эхнэр гэхэд өнгөрсөн онд 23 орны 46 дизайнертай өрсөлдөж Азийн шилдэг дизайнер болсон. Энэ мэтчилэн дурдвал цөөнгүй амжилтыг манайхан олон улсад гаргаж байна. Гэр бүлээрээ бизнес эрхлээд явахад амаргүй байгаа. Гэхдээ яах вэ болгоно л гээд зүтгэж байна. Болохгүй, бүтэхгүйг нь тооцоолоод байвал одоо байгаагаасаа ахихгүй шүү дээ.

 

-Гэр бүлийн бяцхан бизнесээ танилцуулж болох уу?

 

-Манай гэр бүл өөрийн бизнестэй. Бид урлагийн хүмүүс өөрсдийн сонирхлын дагуу “O couture” загварын салоныг хоёр жилийн өмнө нээсэн. Энэ  салоны бүх зүйлийг бид өөрсдөө хийж байлаа. Би чинь мужаан, барилгын засал чимэглэлчин, тогооч гээд албан бус олон мэргэжилтэй хүн шүү. /инээв.сур/.

 

 


 

-Хүмүүс та хоёрын насны зөрүүний талаар олон л зүйл ярьдаг. Энэ танай гэр бүлд хүндээр тусдаг уу?

 

-Ярьж, бичиж л байдаг юм. Гэхдээ би үүнийг үнэхээр ойлгодоггүй юм. Хоёр хүн хоорондоо таарч тохироод бие биенээ сонгосон байхад тэр насны зөрүү ерөөсөө ч хамаагүй. Энхболдын хөгшин эхнэр энэ тэр гээд л хүмүүс энд тэнд бичсэн байгааг хараад манай хүнд эхэндээ маш хүнд тусдаг байсан. Уйлаад л надад уурлах үе байсан шүү. Гэхдээ одоо бол тоохоо больсон. Энэ бол асуудал биш. Би их азтай хүн. Баяр наадмаар эхнэрийнхээ урласан дээл, хувцсаар гангардаг. Эмэгтэй хүн ямар байх ёстой гэдэг билээ. Үйлэнд уран, үгэнд цэцэн гээд л. Ийм сайн ханьтай учирсан би их азтай хүн. Бидний төлөвлөсөн зүйл гэвэл их олон бий. Түүнийгээ бага багаар хэрэгжүүлээд л явна.

 

-Хүү, охин хоёр нь том болж байна уу? Тэгшзаяа охин ирэх намар сургуульд орох байх аа?

 

-Тэгнэ. Охин маань урлагийн хүн болох шинжтэй шүү. Таны оролцож байгаа шоунд оролцъё гэнэ. Дагаж дуулна. Сайн жүжиглэнэ. Ер нь миний охины карьер дөнгөж төрсөн цагаас нь л эхэлж байлаа. Одоогоор цөөнгүй томоохон брэндүүдийн нүүр царай болсон.

 

-“Яг түүн шиг” шоуны талаар цөөн зүйл асууя. Энэ шоунд та түрүүлэхийг хүсэж байна уу?

 

-Яг үнэндээ, би өөрийгөө тэргүүлнэ гэж бодохгүй байна. Миний хувьд ид гялалзаж яваа, чадварлаг, авьяаслаг залуустай энэ шоунд оролцож байгаа нь л нэр төрийн хэрэг. Эхний хоёр шатанд би хамгийн бага оноо авсан. Үнэнийг хэлэхэд тэр үед хэцүү байсан. Харин гурав дахь үеэс аман хүзүүдэж, сэргэлт болж өгсөн шүү. Одоо миний баримтлах зарчим бол дайны талбарт шархатсан нөхдөө орхихгүй байх. Тиймээс бага оноотой яваа нөхдөө дэмжинэ. Миний хувьд энэ бүхэн хангалттай. Сайхан л өрсөлдөж байна.

 

-Шоуны нүүр хувиргалт их шүүмж дагуулж байна. Ялангуяа хамар хувиргалт. Энэ тухай ярихгүй юу?

 

-Нүүр хувиргалт хамгийн хүнд нь. Үүнийг хийж чадахгүй бүтэлгүйтэж байсан тохиолдол олон улсад бий. Ерөнхийдөө нүүр хувиргахад битүү баг угладаг. Авч байгаа хүний төрх, хувирч байгаа хүний төрхөөс шалтгаалаад баг нимгэн, зузаан гардаг. Заримдаа хэт зууралдаад хөдөлж болохгүй үе байна. Нимгэн байвал нүүрний хувирал үзүүлэхэд илүү амар байдаг. Ер нь хэцүү л дээ.

 

 

-Дараагийн дугаарт хэнийг дуурайх билээ?

 

-Нисванис хамтлагийн гитарчин Энх-Амгалан ахыг дуурайна. Миний хувирч байгаа гурав дахь Монгол дүр энэ. Ер нь би бусдыгаа бодвол хамгийн их монгол дүрд хувирч байгаа нь. Тэрүүгээрээ азтай юм.

 

-Энэ амралтын өдрөөр “Ibiza out” хэмээх задгай шоу зохион байгуулах гэж буй юм билээ. Үүнийг тодруулж болох уу?

 

-Би болон миний үеийн хэдэн нөхөд нийлж “Ibiza out” наадмыг зохион байгуулах гэж байгаа. Энэ наадмынхаа бэлтгэл ажлыг хийгээд л явж байна даа. Бид залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийг зорьсон юм. Гурав дахь удаагаа энэ наадмыг зохиож байна. Энэ жилийн наадам олон онцлох зүйлтэй. Зургаадугаар сарын 17,18-нд буюу хоёр өдөр болно. 13.00 цагт эхлэх бөгөөд сондгой тоотой цагт Драмын театраас “Монгол шилтгээн” рүү автобусаар үнэгүй үйлчилнэ. Мөн 16 байгууллага хоолны соёлыг мэдрүүлнэ. Олон тэмцээн уралдаан зохион байгуулна. Бас урлагийн тоглолт болно. Ibiza бол шоу цэнгээний арал. Энэ наадам залуусын хувьд зургаадугаар сарын оргил үе нь байж чадна гэж бодож байна.

 

-Энэ наадмаас өөр, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулдаг уу?

 

-Би залуу хүн. Тэр утгаараа өөрийн дуу хоолойг бусдад хүргэхийг хичээдэг. Боловсрол, эрүүл мэнд, экологийн чиглэлээр хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг Олон улсын Ротари байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж эхлээд 20-иод жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд маш их зүйл хийсэн. Гэхдээ их даруухан байгууллага. Манайх ийм зүйл хийсэн гээд зарлаад байдаггүй. Хаана тусламж хэрэгтэй байна, тэнд өөрсдийн дуу хоолой, тусламжийг хүргэдэг. Миний хувьд саяхан  “UB central” клубийг байгуулж,  Ротари байгууллагын гишүүнээр элсэн ерөнхийлөгчөөс нь сертификат болон энгэрийн тэмдгээ гардаж авсан. Манай клуб хүмүүнлэгийн чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

 

-Саваагүй асуулт. Удахгүй сонгууль болох гэж байна. Та аль намыг дэмждэг вэ?

 

-Би нам бус. Аль ч намыг дэмждэггүй.

 

-Тэгвэл сонгууль хэр идэвхитэй хамрагддаг вэ?

 

-Ер нь тойргоо харж байгаад олигтой хүн байхгүй бол сонгууль өгдөггүй юм.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Tiim ih nasnii yalgaa haragdahgui baina shdee, 2 hyn hoorondoo bolj baival oor hend ch hamaagui
2016-06-14
Zochin:
Oligtoi hun gej yamar huniig heldeg iin bol ! Iim unelemjeer huniig uneldeggui l baihgui yu ! Olig muutaa !
2016-06-13
Зочин:
Тэнэг. Наад ярилцлагаа бүхэлд нь уншаад ойлгочих эхлээд. Дараа нь сэтгэгдэл бичихээ бодооч. Юуг нь ойлгоогүй байж гарчигтай нь хэрэлдээд насссс
2016-06-13
зочин:
чи зүгээр инээд хүргээд байгаарай ДАЙНЫ ТАЛБАРТ ШАРХАДСАН НАЙЗАА ОРХИХГҮЙ Ч гэх шиг ингэж сүр бадруулж яриад яахнав, , амьдрал дээр шал ондоо байдаг юм дүү хүү байлдаантай кинон дээр гардаг шиг тийм амархан гэж бодов уу, эхний буун дуу сонсоод юун нөгөө найз аан, тэгж ярьдаггүй юм дүү хүү ярихдаа жаахан бодож ярьж бай, Харваас наад царай зүс чинь ҮНХЭЛЦЭГ МУУТАЙ хүний шинжтэй л байна,
2016-06-13
Зочин:
Тэнэг. Наад ярилцлагаа бүхэлд нь уншаад ойлгочих эхлээд. Дараа нь сэтгэгдэл бичихээ бодооч. Юуг нь ойлгоогүй байж гарчигтай нь хэрэлдээд насссс
ebbii:
Ene jahan daldaga zaluu yum l bol avgaiagaa bas uuriiguu magtaad bh yum yertuntsiin 3 tenegt yu yu ordog bileede
2016-06-13
zochin:
exner ni xichneen daruuxan mundag bvsgvi geech Ene xoer ix gajgvi xoorxon aashtai xodolmorch mundag zaluus Amjilt xvsii
2016-06-13
зочин:
Энэ шоуг харж байхад та нарын бие биенээ дэмжиж урам өгч байгааг хараад залуучууд шагнал гэдэг юмыг шал өөрөөр хардаг болсон байна гэж бодогдсон шүү Анхныхаасаа маш их сайхан болж байна Харин залуу хүний хувьд сонгуулийг өгөх хэрэгтэй Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө сонголт хийгээрэй Харин сонголт нь чинийх
2016-06-13
Zochin:
Oligtoi hun gej yamar huniig heldeg iin bol ! Iim unelemjeer huniig uneldeggui l baihgui yu ! Olig muutaa !