Ерөнхийлөгч Мьянмар улсад очжээ
2016-06-15

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр Нэйпидо хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Нэйпидо хотын олон улсын нисэх буудалд угтах үеэр Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн, Мьянмарын талаас Эрдэс баялаг, байгаль орчин хамгааллын сайд Он Вин, Гадаад харилцааны яамны Байнгын нарийн бичгийн дарга Аунг Линн, Гадаад харилцааны яамны Ёслолын газрын ерөнхий захирал Ко Ко Найнг, Гадаад харилцааны яамны Улс төрийн газрын захирал Кяав Зеяа нар байлцлаа.

 

Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй уг айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий, Сангийн сайд Kяу Вин, Эрдэс баялаг, байгаль орчин хамгаалах сайд Он Вин, Төв банкны захирагч У Кяв Кяв Маунг нарыг тус тус хүлээн авч уулзана.

 

Айлчлалын хүрээнд “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинар болон Монгол, Мьянмарын бизнес уулзалтыг зохион байгуулна. Бизнес уулзлалт нь хоёр орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг харилцан судлах, бизнес эрхлэгчдийг холбох, монголын компаниудад шинэ зах зээл нээх зэрэг чухал ач холбогдолтой болно.

 

Айлчлалаар Монгол, Мьянмарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төрийн итгэлцлэл, төрийн байгууллага хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

 



 

Shuud.mn
Сонин хачин
эдийн засаг муу байна:
Ядуухан эдийн засагтай байж гадаадад аялах хэрэг байна уу?
2016-06-15