“Улаанбаатарын яриа хэлэлцээ” эхэллээ
2016-06-16

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын III Бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо нээгдэв. Уг хурлыг Гадаад хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Хоёр өдөр болох энэ Бага хуралд БНХАУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, Япон, АНУ, Герман, Энэтхэг, Их Британи, Австрали, Францын эрдэмтэн судлаачид, мөн НҮБ, Олон Улсын Улаан Загалмайн Хороо, Фридрих Эбертийн Сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, мөн дотоодын төр, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 150 гаруй төлөөлөгч оролцож байна. 

 


"Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгын хүрээнд зохион байгуулдаг тус Бага хуралд олон улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж санал солилцдог уламжлалтай. Гурав дахь удаагийн хурлаар ЗХА-ийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, учирч буй сорилт бэрхшээл, бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох арга зам, ЗХА-ийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн менежментийн талаар талууд анх удаа туршлага солилцох юм.

 

Бага хуралд БНАСАУ-ын ГХЯ-ны Америк судлалын хүрээлэнгийн хэлтсийн дарга Чой Кан Ил, БНСУ-ын Сэжон хүрээлэнгийн дэд захирал Ли Сан Хен, АНУ-ын Жрн Хопкинсын их сургуулийн ахлах судлаач Жени Таун, БНХАУ-ын Олон улс харилцааны хүрээлэнгийн орлогч захирал Сун Ру, ОХУ-ын ШУА-ийн ахлах судлаач Елена Боекова зэрэг эрдэмтэн судлаачид бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн өнөөгийн байдал, чиг хандлага, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар илтгэл тавина.


“Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгын хүрээнд өмнө нь ЗХА-ийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, хотын дарга нарын форум, эрчим хүчний хэлхээ холбоо семинар, Залуучуудын чуулга уулзалт тус тус зохион байгуулагдсан.

Shuud.mn
Сонин хачин