Д.Отгонбаатар: Монголчууд хүч чадлаараа дэлхийд гайхагдана
2016-06-16

 

Энэтхэг улсын Удапур хотноо Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагджээ. Тус тэмцээний мастер ангилалын нэмэх 120 килограммын жинд алтан медаль хүртэж Ази тивийн аварга болсон Д.Отгонбаатартай цөөн хором ярилцлаа.

 

-Азийн аварга болсон танд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулна уу?

 

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Дамдинбалын Отгонбааатар гэдэг. Би Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш.

 

-Анх энэ спортоор хичээллэж эхлэсэн түүхээ сонирхуулах уу?

 

-Ерөнхийдөө энэ спорт Монголд хөгжөөд 10 жил болж байна. Анх 2005 онд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байлаа. Тэр тэмцээнийг үзээд л эр хүний шандас шалгасан спорт шиг санагдаад л сонирхолдоо хөтлөгдөөд бэлтгэж эхэлсэн дээ. Өөрөө ч биеийн тамирын багш учраас бэлтгэлээ базаагаад байж болохоор дөхөм санагдсан. Тэгээд 2006 оноос хойш улсын аварга шалгаруулах тэмцээнд алгасалгүй орж бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна.

 

-Энэ  тэмцээн таны анхны олон улсын тэмцээн байв уу?

 

-Тийм ээ. Зохион байгуулалт өндөртэй сайхан тэмцээн болдог юм билээ. Анх удаа олон улсын тэмцээнд оролцож Ази тивийн аварга болоод ирсэн дээ баяртай байна. Цаашдаа илүү их хичээнэ ээ.

 

-Аль орны тамирчид хүчтэй өрсөлдөгч байв?

 

-Казак, Иран, Тайван зэрэг орны тамирчид хүчтэй өрсөлдөгч байлаа.

 

-Таны бэлтгэл сайн байв уу? Аль клубт харьяалагддаг вэ?

 

-Улсын аварга шалгаруулах тэмцээнээс олон улсын тэмцээний эрх авдаг учраас маш сайн бэлдэж орсон шүү. Бэлтгэл бол маш сайн байсан. Би Багануур дүүргийнхээ спорт хороо, “Уурхайчин” клуб, “Хөх дөрвөлжин” клубт бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тэмцээн уралдаан дөхсөн үед өдөр болгон шахуу бэлтгэл хийнэ. Ер нь амжилт гаргахыг хүсэж л байвал бэлтгэлээ л сайн хийх нь зөв.

 

-Зардал мөнгөө хэрхэн зохицуулж явав?

 

-Монголд тодорхой хэмжээний тус дэм болдог хүмүүс бий. Зардалаа бол өөрсдөө зохицуулаад л явж байна. Харин зарим шинжилгээний төлбөр зэргийг холбооноос даасан. Холбоноос зарим байгууллагаас биднийг багагүй дэмждэг  юм.

 

-Пауерлифтинг, бодибилдингийн спортоос ямар ялгаатай вэ?

 

-Ихэнхи хүмүүс пауэрлифтингийн спортыг бодибилдингийн спорттой андуураад байдаг. Энэ бол цэвэр хүчний спорт л доо. Шахалт, суулт, таталтын гурван төрөлтэй. Нийлбэрээр дүнгээ гаргадаг. Бодибилдингээс ялгарах онцлог нь хүчээрээ өрсөлддөг л спорт юм даа.  Ер нь манайх бөхийн орон гэдэг утгаараа тамирчиид маань хүч чадлаараа илүү санагддаг.

 

-Ер нь монголын пауерлифтингийн хөгжил аль түвшинд явна вэ?

 

-Монголын тамирчид Ази тивдээ маш дээгүүрт үнэлэгддэг юм билээ. Хүчтэй өрсөлдөгчдийн тоонд манай улс болон Иран, Казак, Тайван гэсэн орнууд тооцогдож тэргүүн байрын төлөө өрсөлдөж байна. Залуу тамирчид ч бүгд өсөх ирээдүйтэй санагддаг. Саяны тэмцээнд л гэхэд залуучуудын 59 кг-ийн жинд М.Батмөнх нийлбэр дүнгээрээ 4 хүрэл медалийн болзол хангалаа. Мөн 83 кг-ийн жинд хүч үзсэн Б.Гансүх мөнгөн медаль хүртлээ. Энэ бүгдээс монголын пауерлифтингийн хөгжлийг харж болох байх. Энэ спорт манайд хөгжих бүрэн боломжтой. Манай монголын залуус хүч, чадлаараа дэлхийд гайхагдах цаг ирнэ гэж би боддог юм.

 

-Цаашдын тэмцээн уралдааны талаар?

 

-Улсын аваргадаа л сайн бэлдэнэ дээ. 2018 онд манай монгол улсад пауерлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэр тэмцээнд л оролцох эрх авхын төлөө бэлтгэл сургуулилтаа хийнэ гэж бодож байгаа.

 

-Та багш хүний хувьд залгамж үеэ бэлдэж байна уу?

 

-Тэгэлгүй яахав. Манай дүүргийн хүүхдүүд чулсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жилээс орж эхэлж байгаа. Нэг шавь маань хүрэл медаль хүртсэн.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
OTGOO BAGSHAA BAYAR XURGEY:
BAGSHDA BAYAR XURGEY.MGL ILUU SHUU TER DUNDAA BAGANUUR DUUREG YUM YUMAARA ILUU
2016-06-17
Zochin:
Сайхан ярилцлага болжээ. Ухаалаг, даруухан дүүдээ баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!
2016-06-16