ХААН Банк Сангаас “Нярайн тасаг-2” төслийг хэрэгжүүллээ
2016-06-17

ХӨСҮТ-ийн Нярайн тасагт 1986 оноос хойш урсгал засвар хийгдээгүй байсан бөгөөд

 

өнгөрсөн жил олон нийтийн сүлжээнд Твиттерийн хэсэг залуус нэгдэж, “Нярайн тасаг” төслийг амжилттай өрнүүлэн олон хүмүүсийн  чин сэтгэлийн хандиваар ХӨСҮТ-ийн нярайн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийг засварлан тохижуулсан билээ.

 

Тэгвэл тус ажлын үргэлжлэл болох “Нярайн тасаг 2” төслийг ХААН Банкнаас бүрэн санхүүжүүлж, Нярайн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний бас нэгэн тасгийг иж бүрэн засварлан хүлээлгэн өглөө.

 

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл тасгийг хүлээлгэн өгөх үеэр хэлсэн үгэндээ: “ОУ-ын эмнэлгийн стандартад нийцсэн, шинэхэн тохижуулсан тасгийг ХӨСҮТ-ийн удирдлагуудад хүлээлгэн өгч байгаадаа маш их баяртай байна. Энэхүү ажил нь ХААН Банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хийгддэг томоохон ажлуудын нэг болж байна. Хамтран ажилласан нийгмийн  идэвхтэй залуустаа талархал илэрхийлье” хэмээн  онцоллоо.   

 

Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: ”Эрүүл мэндийн салбар тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийн сайн сайханд хувь нэмрээ оруулж нярайн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийг засварлаж өгсөн ХААН Банкны хамт олон болон И.Батхишиг тэргүүтэй залуустаа баярлалаа. Улаан бурхан өвчин сүүлийн 2 жил дамнан газар авч, нийгэмд цочрол болсон. Үүнийг соргогоор мэдэрч ХААН Банкнаас энэхүү төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн нь эрүүл мэндийн салбарт оруулж буй томоохон хувь нэмэр” гэдгийг онцлон дурдлаа.

 

Ийнхүү ХААН Банкны хамт олон сум, аймаг, дүүргийн бүх шатны эмнэлгээс халдварт өвчнөөр хүндэрсэн хүүхдийг хүлээн авч эмчилдэг ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн нэг өрөөг иж бүрэн засварлан хүлээлгэн өгч бяцхан үрсийнхээ ирээдүйн сайн сайханд үнэтэй хувь нэмрээ орууллаа.   

 

ХААН Банк нь нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байгууллагын хувьд ХААН Банк Сангаараа дамжуулан олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж нийгмийн сайн сайханд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн.

 

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан ХӨСҮТ-ийн хамт олон болон төслийг санаачлан хамтран ажилласан И.Батхишиг тэргүүтэй залуустаа талархал илэрхийлж байна.  

 

Shuud.mn
Сонин хачин