Гудамжны шилдэг бүжигчин маргааш тодорно
2016-06-18

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан.  Энэ жил Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёр дахь жилдээ энэ амралтын өдрөөр зохион байгуулахаар болжээ.

 

Өнгөрсөн жил тус фестивалийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан бол энэ удаад олон улсын тэмцээн болгон өргөжүүлжээ. Тэмцээнд Өвөрмонголын Хөх хот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас хамтлагууд оролцох аж. Тэмцээнийг Солонгос, Япон, Монголын шүүгч нар хамтран шүүх юм байна. Түүнчлэн өнгөрсөн жил шилдэг гудамжны бүжигчинг 13 сая төгрөгөөр  шагнаж байсан бол энэ жилийн хувьд 5 сая төгрөгөөр урамшуулахаар болсон.

 

Тус фестивальд бүх насны хүмүүс болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцох боломжтой. Оролцогчид рэп, хип хоп, брэк, електро, гудамжны бүжиг зэрэг орчин үеийн чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдөх юм. Тодруулбал, хамтлаг бүжиг болон 1:1 баатл тулаан гэсэн хоёр төрлөөр эл тэмцээнийг зохион байгуулж, эхний шатнаас хамгийн өндөр оноотой 10 хамтлаг, уран бүтээлчийг тодруулах аж.

 

Эхний шатнаас шалгарсан хамтлагуудын тоглолт, аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд “Чингисийн талбай”-д болно. Энэ үеэр графит зураг, экстрем спорт, салса бүжгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох юм байна.

 

Энэхүү фестивал нь орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, сурталчлах, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлах, хөгжлийг дэмжих, орчин үеийн бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах, жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчлах зорилготой арга хэмжээ юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин