АН-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажиллаж байна
2016-06-18

АН-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзаж байна. 

 

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар  өчигдөр /2016.06.17/ Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилласны дараа Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж, тус аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.

 

 

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга хэлэхдээ, УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт Аймгийн Засаг дарга  О.Амгаланбаатарыг нэр дэвшүүллээ. Ардчилсан нам даргын цүнх барьж гүйж байгаад албан тушаал авахыг зорьдог хүмүүсийг бус харин аймаг, орон нутагтаа ажиллаж, хийж бүтээж байгаа боловсон хүчнээ дэвшүүлж байна. О.Амгаланбаатар аймгийн Засаг дарга болсны дараа ямар өөрчлөлт гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тэрээр хамгийн түрүүнд иргэдийн эрүүл амьдралын үндэс болсон гол асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл Алтай хотын иргэдийг ундны цэвэр усаар хангаж чадсан. Иймээс Говь-Алтай аймгийн иргэдийн өвчлөл буурч байна. Бид мөн Говь-Алтай аймгаа мэддэг, нутаг усандаа амьдардаг, амьдрал мэддэг хүнийг дэвшүүлсэн нь О.Амгаланбаатар мөн. Тэрээр маш шударга, хэлье гэснээ хэлж чаддаг хүн учраас Ардчилсан нам УИХ-д ийм хүн шударга залуус орж ирэх ёстой гэж үзэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүллээ гэв.

 

 

 

Үргэлжлүүлээд, 2012-2016 онд хийж, хэрэгжүүлсэн болон ирэх 4 жилд хийж бүтээх Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Ардчилсан намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн 4 жилд дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн “Монгол Хүн-2020” мөрийн хөтөлбөрийн шууд үргэлжлэл юм. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын хийж, хэрэгжүүлсэн ажлын хувьд, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа  5 хувийн  зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. 1680 үйлдвэрийн төслийг санхүүжүүлэхэд эдийн засаг хүндрэлтэй байсан юм бол хаанаас зээл өгөөд байна гэсэн асуулт гарна. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар Чингис бондоос 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосон юм гэв.  Мөн 82 мянган өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн, орон нутаг эрх мэдлийг олгосон зэрэг ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


 
1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй иргэдийн асуудал огт биш. Араасаа асар олон чиргүүлийг дагуулж явдаг вагоны зүтгүүртэй адил гэлээ. Гэтэл иргэдийг ямар ч хүндрэлгүйгээр байртай болгох энэ бодлогыг МАН “Нүгэл” гэж хэлж байсан. Дэлхий нийт тэр чигээрээ ипотекийн зээлээр иргэдээ орон сууцжуулдаг. Гэтэл МАН  л ипотекийн зээлийг нүгэл гэж үзээд дэмжихгүй байгаа юм хэмээн графикаар статистик харуулав. Мөн Ардчилсан нам ирэх 4 жилд дахин 100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно гэлээ.

 

 

Улаанаар тэмдэглэсэн нь МАН-ын үед баригдсан орон сууцны хэмжээ, цэнхэр нь Ардчилсан намын үед баригдсан орон сууцны хэмжээг графикаар  харуулав.Мөн Ардчилсан намын хийж, хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд, дэд бүтэц, зам тээвэр, төрөөс орон сууцжуулах хөтөлбөр, цахилгаан эрчим хүч, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмж болон бусад асуудлаар статистик дүн судалгаа бүхий танилцуулга хийв. Түүнчлэн орон нутагт ажиллаж буй учраас  “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн талаар  мэдээлэл өгөв. Тэрээр хэлэхдээ, “Орон нутгийн хөгжлийн сан”-г байгуулснаар, УИХ-ын гишүүдийн тойрогт мөнгө олгодог байсныг болиулсан . Ингэснээр тухайн аймаг, нийслэл, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор иргэн бүр амьдарч буй орчноо хөгжүүлэхэд хамтдаа шийдвэр гаргах эрхзүйн орчин бүрдсэн, та бүхэн амьдран суугаа орон нутгийн төсвөө юунд зарцуулахаа шийдэх эрх нь танд олгогдсон хэмээн онцлов.

 

 

 

Эдгээрээс авто замын асуудлыг онцлов. 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барихаар төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд барьж буй эдгээр замаар иргэн бүр зорчиж байгаа. Гэтэл МАН Ардчилсан намыг бондоос санхүүжүүлэн, зам тавьсан нь буруу гээд байгаа. МАН-ынхан 91 жилийн хугацаанд барьж байсан замын тэр удаашралтай хурдаараа зам тавихгүйгээр байх бодолтой явдаг. Статистикаас харахад, МАН нэг жилд 32,5 км зам тавьсан харин Ардчилсан нам нэг жилд 1000 км зам тавьсан. Үүнийг хөгжил гэдэг. Бид хөгжлийг хурдасгасан. Үүнийг МАН-ынханы шүүмжлээд байгаа Чингис бондын зээлээр барьсан, үүний үр дүнд маш олон замын компаниуд ажилтай, монгол иргэд орлоготой байсан. Энэ замаар иргэн бүр зорчиж байгаа гэв.. Бид үргэлжлүүлэн замаа барина, мөн бондын зээлээ графикийн дагуу эргүүлэн төлөх бүрэн боломж Засгийн газарт бий байгаа хэмээн онцлов.

 

 

 

Мөн Ардчилсан намаас ирэх дөрвөн жил хийх ажлаа танилцуулав. Ирэх 4 жилийн хугацаанд Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана гэв. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэхээ танилцуулав. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан байна. Мөн монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгажээ. Ажилтай орлоготой монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой монгол хүн гэх мэт 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Мөн 2016-2020 онд экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжлийг дэмжиж, Монгол хүний бүтээмжийг өсгөхийн  зэрэгцээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн Дундговь аймгийн иргэдэд танилцуулав.

 

 

 

Хөдөлмөр эрхлэлтийн хувьд, МСҮТ-д суралцаж байгаа Монгол оюутнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажуулж, мэдлэг ур чадварыг нь сайжруулан, нийт 100 мянган дадлагажигчийг хамруулах эрхзүйн орчинг бүрдүүлэхээр ажиллах болохоо УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд танилцуулав.

 

 

 

З.Энхболд: Ардчилсан нам Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булахгүй байх хуулийг батална

 

Танилцуулгынхаа үеэр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд мөн иргэдийн дунд асуулт үүсгээд буй цөмийн хаягдал булна, булахгүй гэдэг дээр Ардчилсан нам цэг тавьсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэзээ ч цөмийн хаягдал булахгүй гэлээ. Яг энэ асуудлыг цэгцэлж Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булахгүй байя гэдэг агуулгатай хуулийн төслийг энэ парламентын хугацаанд хэлэлцэх ёстой байсан боловч МАН-ынхан хуралдаа сууж, ирцээ бүрдүүлээгүйн улмаас төслийг хэлэлцэж амжаагүй. Ардчилсан нам энэ сонгуульд олонх болвол  шууд маргааш нь тус хуулийг батална хэмээн мэдэгдлээ.


Мөн хүнс, хөдөө, аж ахуйн бодлогын хувьд хүнсний ногоогоо дотоодоос 100 хувь хангана, үүнийг даган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэв. Малын буянг малчинд нь үлдээхийн тулд “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мах махан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 тэрбум ам долларт хүргэх зорилттой байгаан зэрэгцээ 21 аймагт махны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн гэлээ. 

 

 

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Говь-Алтай аймгийн иргэд, сонгогчдод хандан үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Говь-Алтай аймгаас УИХ-д нэр дэвшиж байгаа О.Амгаланбаатар маш тэмүүлэлтэй зорьсон, төлөвлөсөн зорилготой хүн гэж үнэлдэг. Асуудалд шийдвэртэй ханддаг хүн парламентад хэрэгтэй. О.Амгаланбаатарыг би Говь-Алтайчуудын төлөө ажиллах тийм эрч хүчтэй, шийдэмгий  залуу гэж дүгнэж байгаа. Ардчилсан намаас нэр дэвшигч О.Амгаланбаатар Алтайчуудыг ундны цэвэр усаар хангахаас өмнө энэ аймагт халдварт шар өвчин болон дотрын өвчлөл маш их хэмжээгээр гардаг байлаа. Та бүхэн статистикаа харж болно. Алтайчууд “Эрүүл ус” хэрэглэж эхэлснээс хойш энэ өвчлөлийн тоо эрс буурсан. Энэ их ажлыг барьж авч, гардан хэрэгжүүлнэ гэдэг бол хэн бүхэн хийж чадахгүй ажил шүү. Амгаланбаатараар бахархах хэрэгтэй. Түүнийг Засаг даргаар сонгогдсоноос хойш ямар их ажлууд хийгдсэн нь түүнийг сонгосон Говь-Алтайчуудын зөв сонголт байсан  хэмээн Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа онцлов.


 
Түүний дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж үг хэллээ. Өнгөрсөн хугацаанд би Говь-Алтай аймгийн талаар ийм бодол тээж ирснээ нуухгүй ээ. Энэ сайхан нутгаас сонгогдож байсан УИХ-ын гишүүд яагаад нутаг орноо хөгжүүлдэггүй юм бэ гэж боддог, харамсдаг байсан. Халуун ус байхгүй, хот хөдөөнөөс иргэд ирье гэхээр зочид буудал ч байхгүй тийм л байсан. Гэтэл О.Амгаланбаатар Засаг дарга болсноос хойш үнэхээр аймгийнхаа өнгийг зассан. Тэрээр 4 жилд нутаг орондоо байсан, та бүхний төлөө ажилласан, нутгийнхаа төлөө сэтгэлтэй хүн. Харин гэнэт хотоос ирсэн, эндэх амьдарлыг мэдэхгүй хүн Алтайн төлөө ажиллаж чадахгүй. Би ийм эрч хүчтэй, эрс шийдэмгий энэ залууг харахаар сэтгэл омогшиж байна. Тэрээр буух эзэнтэй буцах хаягтай, энд ажил хөдөлмөр эрхэлж ирсэн, эр хүн шиг эр хүн хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж онцоллоо.


 

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Намбарын Энхбаярын зэвлэх байсан Раднаасэдээс Амгаланбаатар дээрээ
2016-06-19
Sorry:
Amgalanbaatar bish Radnaased songogdono
2016-06-19