Брюссельд халдлага үйлдэхээ төлөвлөж байжээ
2016-06-19

Бельгийн цагдаагийнхан өнгөрсөн шөнө тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гурван этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн эдгээр эрчүүдтэй холбоотой байж магадгүй есөн этгээдийг баривчилсан ч удалгүй сулласан талаар тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас дамжуулжээ.

 

Цагдаагийнхан өчигдөр шөнө нийслэл Брюссель хотноо тусгай ажиллагаа явуулж, 152 барилга, байгууламжинд шалгалт явуулсан байна. Баригдсан этгээдүүд хэт даврагч эсвэл ямар нэгэн шашны бүлэглэлтэй холбоотой эсэхийг мэдэгдээгүй байна.

 

“Тэдний нуугдаж буй газраас Брюссель хотын газрын зураг болон тэсрэх бөмбөг зэргийг олсон” хэмээн нэрээ нууцалсан цагдаагийн албан хаагч хэвлэлийнхэнд ярьжээ.

 

Ерөнхий сайд Чарльз Мишель твиттертээ “Евро 2016 тэмцээн өндөрлөх хүртэл цагдаагийнхан терроризмын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно” хэмээн францаар жиргэжээ.

 

Брюссель хотноо өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр дараалласан халдлага гарч, 32 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин