“Манай хүнийг дэмжээрэй”
2016-06-20

Сонгогчид бид шинэ парламентыг бүрдүүлэх саналаа өгч, төр барих эрхээ эдлэхэд 9 хоногийн хугацаа үлдээд байна. Тиймээс ч УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Амралтын өдрүүдээ ч улс төрөөр амьсгалж өнгөрүүлсэн биз, олон нийт. Учир нь телевизийн нэвтрүүлгүүд нэлдээ сонгуулийн сурталчилгаагаар дүүрч, хаалга тогших бүр нэр дэвшигчийн сэтгүүл, сонин барьсан ухуулагч нар мишээж, нээлттэй цонхны цаанаас нэр дэвшигчдээ дэмжихийг уриалан уухайлах  сонгуулийн штабынхантай дуу цангинаж өнжлөө.

 

УИХ-ын сонгууль жижиг буюу 76 тойргоор явагдаж байгаа. Томсгосон тойргоор сонгууль явагдах үед нэг намаас нэр дэвшигчид бие биенээ “намнах” үйлдэл гаргадаг байсан. Харин энэ удаад тойрог бүрт өөр өөр намын нэр дэвшигчид өрсөлдөж байгаагаас нэг намынхны дотоод тэмцэл, зөрчил арилжээ. Нөгөөтэйгүүр нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө эсрэг гүтгэсэн, харлуулсан мессэж, мэдээлэл бага тарж байна гэж ажиглагчид үзэж байна. Энэ нь нэр дэвшигчдийг гүтгэх, доромжлохыг хориглосон Сонгуулийн хуультай холбоотой.

 

Улс төрийн хүчнүүд аль нэг талаас гарсан сөрөг мэдээлэлд тайлбар хийх, няцаалт өгөх байдлаар сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна.

 

Өмнө нь сонгуультай холбоотой маргаан, гомдол саналыг СЕХ хүлээн авдаг байсан. Харин энэ удаа сонгуультай холбоотой маргааныг СЕХ, харъяа сонгуулийн хэсгүүдэд бус харьяалагдах хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хуульчилсаныг олон нийт мөн сайшааж байна лээ. Сурталчилгааны багахан хугацаанд сонгуулийн төв байгууллага олон зүйлийг шийдвэрлэх гэж тал тал тийшээ сатаарахгүй, нэг талаас нь ажил нь хөнгөрч, нөгөө талаас хуваарийн дагуу үүргээ гүйцэтгээд явах боломж бүрджээ. Тиймээс СЕХ элдэв маргаан гомдлыг шийдвэрлэх гэж цаг алдахгүй, хуваарийн дагуух ажлаа цаг хугацаанд нь хэрэгжүүлэн, мэдээлээд явж байна. СЕХ-ныхон сонгуулийн цагийн хуваарийн дагуу өнгөрсөн долоо хоног 2 сая орчим саналын хуудсыг хэвлүүлснээ мэдээлсэн. 

 

Хууль хяналтынхан сонгуулийн  сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдийн штабаас ирүүлсэн гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх  заалттай.   Тиймээс ч сөрөг мэдээлэлтэй холбоотой санал, гомдлыг шуурхай шийдвэрлэх үүднээс хууль, шүүхийн байгууллагынхан ачаалал ихтэй, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа сурагтай. 

 

Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүдэд сонгогчид аль намд, хэн гэдэг нэр дэвшигчийг илүү дэмжихээр байгааг тандаж мэдэх гэс эн хандлага газар авч байна. Харин хуулиараа нам, нэр дэвшигчдийн талаар судалгаа явуулахыг хориглосон. Тиймээс сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчин,  нэр дэвшигчдийн хувьд  рейтэнгээ ямар байгааг тодорхой мэдэх боломжгүй.

 

Харин сонгогчдын саналыг татах зорилгоор нэр дэвшигчдийн штабаас гэрийн хаяг, регистрийн дугаар тэмдэглэн, иргэний үнэмлэхний хуулбарыг бүртгэн авчээ. Эсвээс 250 мянган төгрөг өгч  иргэний үнэмлэхийг нь түр хураан авч байна гэх яриа гарч байна. Мөн тухайн нэр дэвшигчид өөртөө татах зорилгоор нийслэлээс нэр дэвшиж байгаа тойрогтоо машин машинаар нь иргэдийг зөөн тээвэрлэн авчирлаа гэх яриа гарсан.  Гэхдээ энэ  бүхэн  батлагдаж, нотлогдоогүй байна.  Манай хүнийг, манай нэр дэвшигчийг дэмжээрэй хэмээн бусдад үг дайх үзэгдэл байгаа цөөнгүй гарч байна гэсэн. Гэхдээ   сонгогчид сонголтоо өөрийнхөөрөө хийхээ мэдэгдэж байна лээ.  

 

Сонгуулийн санал хураалтын өдөр ойртох бүр энэ мэт явган яриа илүүтэй газар авах бололтой. Хэрвээ баримтаар баталгаажин нотлогдвол шүүх, цагдаагийн байгууллага шуурхай шийдвэрлэнэ. Ер нь ирэх өдрүүдэд сонгуульд нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө эсрэг сөрөг мэдээллээр  булж, сонгогчдыг бухимдуулах  ажиллагаа битгий явуулаасай билээ.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин