Санхүүжилт эмнэлгээ биш, иргэнээ дагадаг болгоно
2016-06-20

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-нд баталсан. Ардчилан нам эрх барьсан дөрвөн жилдээ санхүүжилт эмнэлэг бус иргэн рүүгээ чиглэсэн бодлого барьж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэн өргөтгөлөө.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуульд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоосон юм. Түүнчлэн шинэ хууль батлагдан гарснаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөсөн. Тухайлбал, өрх, сумын эмнэлгийн түвшинд үзүүлэх эмчилгээ, оношилгоо, шинжилгээний зардал, урьдчилан сэргийлэх үзлэг болон бусад шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх хорт хавдрын хими, туяа эмчилгээний зардал, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, протез, ортопедийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг боллоо. Даатгуулагч зөвхөн өрхийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад даатгалын сангаас үнийн хөнгөлөлт авдаг байсан бол хоёр дахь шатлалын буюу аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад мөн үнийн хөнгөлөлт эдлэхээр шинэ хуульд тусгасан юм. Даатгуулагчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас түлхүү санхүүжүүлдэг байсан бол цаашид даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулахад анхаарах, үүнтэй холбоотой зардлыг даатгалын сангаас гаргах, даатгалын байгууллага даатгуулагчийг үзлэгт хамруулах талаар урьдчилан заавал мэдэгдэж байх зохицуулалтуудыг шинэ хуулиар зохицуулсан. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай өмчийн хэлбэрийг үл харгалзан гэрээ байгуулан ажиллаж, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, даатгуулагчаас гаргуулсан төлбөрт байнга хяналт тавьдаг болов. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагч бүрт даатгалын цахим карт олгох бөгөөд уг карт нь даатгуулагчийн шимтгэл төлсөн байдал, хувийн мэдээллээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээллийг агуулах юм. Мөн даатгалын цахим картыг нэвтрүүлснээр даатгалын байгууллагаас эмнэлгийн байгууллагууд руу тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг богино хугацаанд шилжүүлэх мэдээллийн цахим сан бий болох нөхцөл бүрдэнэ. Мөн Эрүүл мэндийн даатгалын хууль шинэчлэгдсэнээр гэр бүлийнхээ гишүүний даатгалыг шилжүүлэн тооцох боломжтой болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нийт санхүүжилтийн 70-аас доошгүй хувийг санхүүжүүлдэг болно. Санхүүжилт нь эмнэлгээ биш, иргэнээ дагадаг болгоно.

 

Г.Булган

эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин