Пуужингийн туршилт нь бүтэлгүйтжээ
2016-06-22

Хойд Солонгос улс дунд тусгалын “Мусудан” гэх пуужинг туршсан болохыг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээллээ. Гэхдээ уг пуужин байндаа хүрч чадалгүй агаарт дэлбэрсэн гэнэ. Ийнхүү Пхеньян 4-6 сарын хугацаанд “Мусудан” загварын дөрвөн пуужин туршсан боловч бүтэлгүйтэв.

 

Пхеньян өнгөрсөн сард “Мусудан” загварын хоёр пуужинг Японы тэнгис рүү харвасан билээ. Эдгээр пуужингийн туршилтад тус улс хамгийн багадаа 80 сая ам.доллар зарцуулсан болохыг Пентагон мэдээлсэн юм.

 

“Мусудан” пуужин 3000 км-ийн цаана байрлах байг устгах чадвартай хэмээн удирдагч Ким Чен Ун мэдээлсэн билээ. Тэрбээр уг пуужингаараа “Сөүл хотноо байрлах Хөх ордон болон Токиод байрлах АНУ-ын цэргийн баазыг устгах болно” хэмээн заналхийлсэн удаатай. Мөн уг пуужиндаа эрдэмтдийн гарган авсан жижгэрүүлсэн цөмийн зэвсгээ байршуулаад Нью Йорк хотыг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн удаатай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин