Трампийг хөнөөхөөр эртнээс төлөвлөж байжээ
2016-06-22

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд Найрамдах намыг тэргүүлэн өрсөлдөх тэрбумтан Дональд Трампийг Лас Вегас хотноо дэмжигчидтэйгээ уулзаж байхад нэг этгээд халдахыг санаархсан билээ. Британийн иргэн 19 настай Майкл Стивен Станфорд гэгч уулзалт болж байсан танхим руу орж ирснийхээ дараа “Муу урвагч” хэмээн хашгирч хажуудаа зогсч байсан хамгаалалтын ажилтны бууг булаан авчээ.

 

Азаар нэр дэвшигчийг гэмтэхээс өмнө хамгаалагчид хүүг баривчилсан байна. Тэрбээр цагдаа нарт “Би Трампийг үзэн яддаг. Эртнээс л түүнийг хороохыг хүсч байсан” гэж хэлжээ.  Тэгвэл Лас Вегасын цагдаагийн ажилчид хүүгийн гэрт нэгжлэг хийсэн байна. Хүүгийн өрөөнөөс Трампийн зургуудаас гадна галт зэвсэг олджээ.

 

Хүү эртнээс Трампийг хөнөөхөөр төлөвлөж, буу хэрхэн ашиглах сургалтад хүртэл хамрагдсан байна. Хүүгийн ээж “Станфорд тун зожиг нэгэн. Түүний бодлыг тааварлах амаргүй” гэж ярьжээ. Цагдаагийнхан хүү хэний ятгалгад автаж, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж байсныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд мөн мэргэжлийн эмч нарын үзлэгээр хүү ямар нэгэн сэтгэцийн өвчингүй болохыг тогтоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин