“Камертон” 21 нас хүрлээ
2016-06-24

 

Монголын рок попын “Камертон” хамтлаг үүсэн байгуулагдаад 21 жил болжээ. Тэд 1995 оны энэ өдөр Хөгжим бүжгийн коллежийн кордиорт хамтлагаа байгуулсан түүхтэй.

 

 Тус хамтлагийнхан сүүлийн жилүүдэд энэхүү тэмдэглэлт өдрөө фэнүүдтэйгээ тэмдэглэж буй. Харин энэ өдөр Төрийн соёрхолт, дуучин Б.Болдын “B” продакшнд дөрвүүлээ цуглан, дурсамжаа ярьж хөөрөлдөн суух гэнэ.

 

Энэ өдрийг хэрхэн тэмдэглэдэг талаар “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ “Миний бага хүү манай хамтлагийн 20 жилийн ойн өдөр мэндэлсэн. Асар том бэлэг, хувь зохиол. Тэгээд гурван найзаасаа нэр хайрлахыг хүссэн. Их олон нэр будаанд хийж шигшихэд хамтлагийн ахлагчийн маань өгсөн Гансүлд гэж нэр таарсан. Болдоо насаараа энэ тухайгаа ярьж онгирох байх” хэмээжээ.

 

Харин дуучин Эрдэнэбат “Би аль болох нөгөө гурваасаа урьтаж мэндчилгээ дэвшүүлэхийг хүсдэг. Шөнийн 00.00 цаг болохыг хүлээгээд суучихна. Энэ өдрийг зөвхөн бид дөрөв ч биш, бидний гэр бүлийнхэн, ажлын хамт олон ч тэмдэглэдэг болчихож. Энэ өдөр дөрвүүлээ суугаад буу халах дуртай” хэмээсэн байна.

 

Дашрамд сонирхуулахад энэ өдрийн турш  “VIBE-105.5” радиогоор “Камертон” хамтлагийн дуу цацагдах ажээ.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин