Ч.Содномцэрэн: Автомат машинтай холбоотой ноцтой зөрчил илэрсэн
2016-06-29

Гэрэл зургийг MPA.MN

 

Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Сонгуулийн ирцийн мэдээг СЕХ-ноос мэдээллээ. Мэдээллийн дараа тус хорооны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Нийслэлийн мэдээ хожигдож ирсэн байна. Үүнд хяналт тавьж байна уу?

 

-Бид Нийслэлийн сонгуулийн хорооны ажилчидтай ярьж мэдээгээ цагт нь өгөх талаар анхааруулж хэлж байгаа. Анхны мэдээ сумаас ч дүүргээс ч их хоцорч ирж байна. Учир нь тухайн хэсгийн хороонд санал хураалт явагдаж байгаа хүмүүсийн дараалал их байгаа учраас иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн компьютер дээрээс мэдээллийг авахад цаг алдаж байна гэсэн тайлбар өгч байна. Бид сум, дүүргийн ажилчдад 17.00 цагийн мэдээг хоцроохгүй авна гэдгээ мэдэгдээд байгаа.

 

-Ирцийн мэдээг харж байхад Нийслэлийн ирц бага  байна. Ер нь нийт сонгогчын хичнээн нь Нийслэлийнх вэ?

 

-Нийт нэг сая 910 гаруй мянган хүн санал өгнө. Үүний 900 гаруй мянга нь буюу 40 гаруй хувь нь нийслэлийн иргэн. Ер нь энэ жилийн сонгуулийн энэ цаг үеийн ирцийг өнгөрсөн 2012 оны сонгуулийн ирцтэй харьцуулахад ойролцоо байна.

 

-Зарим хэсгийн хороонд хурууны хээ танихгүй асуудал гарч байна. Энэ тохиолдолд яах вэ?

 

-Иргэний бүртгэлийн ажилтны компьютер дээр хурууны хээ танихгүй байна гэсэн гомдол хэд хэд ирсэн. Үүнийг УБСЕГ-тай ярьж иргэний бүртгэл мэдээллийн явуулын баг ажлуулж тухай бүрт нь эвдрэлийг засаад явж байна. Хурууны хээ уншигч төхөөрөмж ажиллахгүй бол сонгуулийн тухай хуулийн 89.4 - т ийм тохиолдолд иргэний үнэмлэхээр нь бүртгэнэ гэж заасан байгаа.

 

-Автомат машинтай холбоотой гомдол ирсэн үү?

 

-Хэд хэдэн гомдол ирсэн. Нэгдүгээрт Өвөрхангай аймгийн Төгрөг суманд тог тасарснаас болж машин гацаж, уншигдаж байсан саналын хуудас гацсан тохиолдол гарсан. Бид ярилцаж байгаад тогийг холбуулсан байгаа. Мөн тогны хэлбэлзлээс болоод ХУД, Увс аймагт автомат машин гацсан тохиолдол гарсан. Үүнээс гадна автомат машинтай холбоотой ноцтой хоёр гомдол ирсэн. СХД-ийн 71 дүгээр тойргийн гуравдугаар хэсэгт нэг сонгогч саналын хайрцагны битүүмжлэлийг хуулж саналын хуудсыг машинд уншуулахгүй шууд хайрцаганд хийсэн зөрчил гарсан. Үүнийг Тагнуул болон цагдаагийн ажлын хэсэг шуурхай ажиллаж таслан зогсоосон ч саналын хуудас нь хайрцаганд орсон. Яг ийм үйлдэл БГД-ийн 67 дугаар тойргийн 14 дүгээр санал авах байран дээр гарсан байна. Цагдаа, Тагнуулын байгууллагын ажилтны ярьж байгаагаар ийм ижил зөрчил гарч байгаа нь сонгууль будлиантуулах гэсэн зохион байгуулалттай үйлдэл байж магадгүй гэсэн. Тиймээс бид  санал хураалтын үйл ажиллагааг зориуд будлиулж саатуулах гэсэн үйлдэл байж  гэж үзэж байгаа. Цагдаа, Тагнуулын байгууллагаас үүнийг тогтоох ажиллагаа явагдаж байна.

 

-Био компинат орчимд зарим нам эвслийн гишүүд жагсаал зохион байгуулсан. Улмаар  цагдаагийн байгууллага тараасан гэх мэдээлэл байна?

 

-Яг одоогоор СЕХ-нд ийм гомдол ирээгүй байна.

 

-Оройхон улс төрийн намууд хэвлэлийн хурал хийгээд эхлэх болов уу. Үүнийг хуулиар зөвшөөрөх үү?

 

-Сонгуулийн дүн мэдээг нэгтгэн гаргаж нийтэд мэдээлэх бүрэн эрх нь Сонгуулийн Ерөнхий Хороонд байгаа. Бусад этгээдэд ийм эрх олгогдоогүй.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Б.Ургамалцэцэг 2008 оноос эхлэн Ардчилсан намын “гал тогоог барилцсан”, тэр хэрээрээ хат туршлага суусан улстөрч эмэгтэй
2016-06-30
Зочин:
Амьдралд хэрэгтэй олон хөтөлбөр боловсруулж байна даа
2016-06-30
Зочин:
Төр түмнээ түших их ажилд нь амжилт хүсье
2016-06-30
Зочин:
СХД-ийн 30, 31-р хороог Ургамалцэцэг санаачилж байгуулсан юм байна. Мундаг байна ш дээ тэр олон айл өрхийг хаягжуулж хороотой болгоод
2016-06-30
Зочин:
ЕБС-ийн багш нар туршлага судлахаар БНСУ-г зорьсон нь Монгол Улсын БШУЯ-ны хувьд ч тэр, АПСЕЮ-гийн хувьд ч сорилт, бас амжилт юм.
2016-06-30