Улаанбаатар
АН-ыг мөнгө тараана гэсэн яриаг зориуд гаргаж байна
2016-6-29

 

АН-ын Сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээлэлдээ “АН-ын сонгуулийн штаб УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогтой холбоотой гүтгэлгийн чанартай мэдээлэл хийлээ” гэж МАН-аас мэдэгдсэн. Харин СЕХ-ноос “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа нь хууль зөрчсөнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон. Шүүхийн шийдвэрийг дахин давж заалдаж байгаа талаар СЕХ-ны дарга хэллээ. Энэ бол шүүхийн шатандаа давж заалдаад явж байгаа хэрэг гэдэг нь нотлогдлоо. Бид гүтгээгүй нь батлагдаж байгаа юм.

 

Иргэдээс орон нутагт булхай зөрчил гарсаар байгаа талаар мэдээллийг АН-ын Сонгуулийн төв штабт ирүүлсээр байна. УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Л.Мөнхбаатар нь гар утасны нэгж тараасныг аймгийн Цагдаагийн газар шалгаж эхлээд байна.

 

Бүх аймгийн төлөөллийг байршуулж 1898 машинд хяналтын тооллого хийсэн. УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт хариуцлагагүй нэг нөхрөөс болж, будилаан гарсныг эс тооцвол 1897 машин үнэн зөв тоолж байна гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Гэтэл санал тоолох машин нь АН-ын талд байгаа гэсэн цуу яриа гаргаж байгааг эрс эсэргүүцэж байна. Түүнчлэн нэр дэвшигч Г.Баярсайханыг сүүлийн 14 хоногийн турш нүцгэн шалдан, эвлүүлэг хийж доромжилсон. Өнөөдрөөс эхлэн мөнгө тараасан гэж ор үндэсгүйгээр гүжирдсэн. Төв аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа А.Сүхбат намынхаа мөрийн хөтөлбөрт огт тусгаагүй асуудлаар амлалт өгснийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлэх гэсэн ч одоог болтол шийдэгдээгүй. Цаашлаад  21.00 цагаас  АН-аас мөнгө тараана гэсэн явган яриаг зориудаар тарааж байна. АН мөнгө тараахгүй, сонгуульд шударгаар өрсөлдөх болно. Сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна хэмээлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин