Орон нутгийн замд 138 хүн амь эрсэджээ
2016-07-04

Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээвэрлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

 

Энэ оны эхний хагасын байдлаар зам тээврийн ослоор 193 хүн амь эрсдсэнээс 138 нь орон нутгийн замд амиа алджээ. Зөвхөн зургаадугаар сард гэхэд 43 хүн хөдөө орон нутгийн замд ослоор амиа алдсан байна.

 

Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран орон нутагт 17 пост ажиллуулж байгаа бөгөөд шаардлага хангасан 871 тээврийн хэрэгсэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгожээ. Үүний  57 хувь нь том оврын автобус аж.

 

Мөн хагас жилийн турш хурд хэтрүүлдэг, насжилт хэтэрсэн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хууль бус тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслийн дугаар, мэлээллийг судлан нэгтгэснээ Замын цагдаагийн газарт хүлээлгэн өгч, хариуцлага хүлээлгэх болон хянан шалгахыг хүсэв. Харин иргэдэд хурдан зорчих  хууль бус тээвэр нь амь насанд аюултайг сануулж, бүх зүйл нь хяналтад байдаг албан ёсны тээврээр үйлчлүүлэхийг анхаарууллаа.

 

Урин дулаан цаг ирж, амралт эхэлснээс иргэд хот хооронд замын хөдөлгөөнд их оролцдог. Тэгэхдээ сонор сэрэмжтэй байж, хурд үл хэтрүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэлгүй өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг хангахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин
та минь ээ.:
замын дайныг зогсоогооч. замын хяналтыг камераар бас дурангаар хянаж болно шдээ. УБ-т байгаа олон цагдааг хөдөө орон нутгийн замын хяналтанд гаргаач. гуйж бна. энэ чинь дайны байдалд бн шд. үнэндээ аймаар бн
2016-07-04