АСЕМ-ын залуучууд наадмын парадад алхана
2016-07-05

 
АСЕМ-ын дээд төвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох АСЕМ-ын Залуучуудын чуулган энэ сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус чуулганы талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ. 
 
Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтад АСЕМ-ын гишүүн орны 3900 гаруй залуучууд бүртгүүлснээс зөвхөн 100 нь шилдгээр тодорч оролцохоор болжээ. Харин Монгол Улсын 300 гаруй залуусаас 50 нь шилдгээр тодорч, оролцогчоор бүртгүүлээд байгаа аж.  Залуусын чуулганаар  АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг нийгэм соёлын асуудлыг хэлэлцэх юм байна.
 
Хэлэлцэхдээ дипломат ёсны хүрээнд улс орон болгон өөрийн залууст тулгамдаж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэх аж. АСЕМ-ын Залуучуудын чуулган хамгийн сүүлд 2014 онд Милан хотноо болж, Ази Европыг төлөөлсөн дөрвөн залуу чуулганаар хэлэлцсэн тунхаг бичгийг АСЕМ-ын дээд төвшний чуулганд танилцуулж байжээ. Энэ удаад ч мөн энэ жишгээр Ази Европыг төлөөлсөн дөрвөн залуу дээд төвшний уулзалтад оролцож, Европын талын төлөөлөл болсон залуу хэлэлцсэн асуудлын тунхаг бичгийг танилцуулахаар болжээ. 
 
Гадны улсыг төлөөлөн ирж байгаа  залуус Монгол дахь хөтөлбөрийг ихээхэн сонирхож байгаа тухай МЗХ-ны Удирдлага төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга Х.Ариунзул ярилаа. Чуулганы нээлт энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар чуулгад болох аж. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МЗХ-ны ерөнхийлөгч, олон улсын байгууллага, элчин сайдын төлөөлөл, Монголын залуучууд зэрэг 400 гаруй хүн оролцох аж.  Дараагийн хоёр өдөр загвар чуулганы жишгийн дагуу  хэлэлцүүлэг явагдаж, гарсан тунхаг бичгийг нэгтгэн дээд төвшний уулзалтад илтгэхээр бэлтгэх юм байна.
Харин гурав дахь өдөр Цонжинболдогийн Чингис хааны хөшөөтэй танилцах бөгөөд дөрөв дэх өдөр буюу 11-ны өдөр гадны орны залуусын төлөөлөл болсон 25 залуу наадмын парадад алхахаар болжээ.
Энэхүү чуулганы хамгийн анх 2004 онд Их сургуулийн оюутнуудын чуулга уулзалтаар гараагаа эхлүүлсэн бол өдгөө улам өргөжиж 51 орны төлөөлөгчид оролцсон томоохон чуулга уулзалт болон өргөжсөн байна. 
 
 
Б.Номин
Эх сурвалж: www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин