“Монгол адууны өв соёл” үзэсгэлэн нээгдлээ
2016-07-06

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монголын Үндэсний Музейгээс “Монгочуудын өв соёл” нэртэй цуврал үзэсгэлэн гаргаж байгаа билээ.Түүний нэг болох “Монгол адууны өв соёл” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.

 

Үзэсгэлэнг нээж Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа нүүдэлчдийн хосгүй дурсгал болох адууны өв соёлыг илтгэсэн 100 гаруй үзмэрийг та бүхэнд дэлгэн тавьж байна. Монголчуудын олон зуун жилийн түүх соёлыг монгол адуугүйгээр төсөөлөх аргагүй. Монгол хүн, монгол морь хоёр дэлхийг эзэлж байсан түүхтэй. Бидний дэлгэж байгаа үзмэрүүд бол нийтдээ адууны өв соёл, монголчууд тэр тусмаа нүүдэлчдийн дэлхийн түүхэнд оруулсан соёлын их өвийг харуулж байгаа юм” хэмээв.

 

Монгол нутагт оршин байсан нүүдэлчдийн адууны соёл хүрэл төмрийн үеэс эхтэй нь хадны зураг, археологийн олдворуудаар батлагдаж байна. Хамгийн анхны төрт улс Хүннүгийн үед моринд эмээл хазаар хэрэглэдэг байсан гэх мэдээ буй. Адууны тоног хэрэгсэл улам боловсронгуй болсоор дундад эртний үед эмээл нь урд бүүрэг босоо, ар бүүрэг цалгар уужим, өргөн суудалтай, урт хавтастай болсон нь аян дайнд удаан хугацаагаар морин дээр явахад тохирсон сонгодог хэлбэртэй болсон нь хожмын эмээлийн  гол үндэс суурь болжээ.

 

Үзэсгэлэнгийн зорилго нь морин эрдэнэ хэмээн төрийн сүлдэндээ дээдлэн ирсэн адууны соёлыг залуус, хойч үедээ таниулах, өвлүүлэн үлдээх, дээдлэн хүндэтгэх сэтгэлгээтэй болгох юм. Тиймээс түүх, гарал үүсэл, адууны тоног хэрэгслийн үүрэг зориулалт, хурдан морины шинж, түүнд хэрэглэгдэх эдлэл хэрэглэл, гоёлын эмээл, хазаарын ур хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж буй аж.

 

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин