Улаанбаатар
“Их талын жазз” удахгүй эгшиглэнэ
2016-7-7

 

Монголын уран бүтээлчид, гадаадын жазз хамтлагуудын урт хугацааны хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх зорилготой “Их талын жазз” олон улсын  их наадам энэ сарын 12-14-нд болно. Тус наадам 10 дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

 

Наадамд Улсын филармоны дэргэдэх Баян Монгол жазз найрал хөгжим, “Пауз” хамтлаг болон дуучин Э.Хишгээ нар оролцоно.

 

Хилийн чандаас БНТУ-ын нэрт жазз гитарчин, хөгжмийн зохиолч, Истанбулын алдарт “Нардис” жазз клубыг үүсгэн байгуулагч  Өндэр Фожан болон түүний квартет хамтлаг оролцох юм. Тэд өөрсдийн Турк ардын уламжлалт хөгжмөөс гадна Монголын олонд түгсэн хөгжмийн бүтээлүүдийг  “Стандарт А Ла Турка” жазз найруулгаар тоглоно.

 

Мөн ОХУ-ын шинэ үеийн мэргэжлийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчид болох саксафонч-хөгжмийн зохиолч Павел Скорняков, төгөлдөр хуурч-хөгжмийн зохиолч Юлия Перминова, бөмбөрчин Александр Зингер, ХБНГУ-ын басс гитарчин Мартин Зинкер нарын дөрвөл стандарт, уламжлалт жазз хөгжмийн уран сэтгэмжийг олон нийтэд толилуулах юм.  Үүнээс гадна Токио хотоос гаралтай “Хача” хамтлаг нь Нью Орлеанс, Американо, фанки жазз төрлийн эрч хүчийг Монголын сонсогч, үзэгчдэд мэдрүүлэх аж.

 

Наадмын нээлтийн концерт-жазз сэшн тоглолт ирэх сарын 12-ны 20.00 цагт “УБ жазз” клубт болох бөгөөд 13-ны 15.00-18.00 цагт Цэрэндоржийн гудамжинд олон нийтэд зориулсан задгай талбайн тоглолтоор үргэлжилнэ. Тоглолт 14-ний 20.00-23.00 цагт Чингисийн талбайд “Жазз Свинг Найт” олон нийтэд зориулсан задгай талбайн шоугаар өндөрлөнө.

 

Ц.Тэнгисболд

 

Shuud.mn
Сонин хачин