“Үнэт ховор номын музей”-г үнэгүй үзүүллээ
2016-07-08

 

Өнөөдөр зуны сүүл сарын шинийн 04-нд тохиодог Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр тохиож байна.

 

Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс "Ном дор мөргөмү" эрдэм соёлын арга хэмжээг зохион байгууллаа.  Энэ үеэр 10.00-16.00 цагийн хооронд Монголын үндэсний төв номын сан “Үнэт ховор номын музей”-г олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэв. Мөн Бурханы шашны номын үзэсгэлэн худалдааг гаргалаа.

 

Түүнчлэн  МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн их хөлгөний тэтгэн ариусгахуйн сожон сахилыг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, цорж Ж.Отгонбаяр лам сүсэгтэн олонд хайрлав. Үргэлжлүүлэн лам хуваргууд Бурхан багшийн магтаал уншиж, Бурхан чухаг дээд гуравт мандал өргөлөө.

 

Энэ өдрийн 20.00 цагт Гандантэгчэнлин хийдийн лам нар сүсэгтэн олны хамт Гандан хийдээ гороолж хураасан буянаа даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө мөн эх болсон хамаг амьтны тусад зориулах юм байна.

 

Үүгээр  Бурхан багшийн Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдрийн эрдэм соёлын үйл ажиллагаа өндөрлөх ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин