Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна
2016-07-14

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгээс мэдээлэл ирүүллээ.

 

 

2016 оны 07 дугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэмжээнд хүчтэй аадар бороо, мөндөр 15-20 минут үргэлжлэгн орсны улмаас 1, 6, 9, 11, 13 дугаар багийн нутаг дэвсгэр үерийн усанд автагдсан. Аадар борооны үеэр үер усны холбогдолтой 132 удаагийн дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллажээ.

 

Аврагчид аврах шат ашиглан шөнийн турш үерт боогдсон 159 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн, гал түймрийн аюул гарахаас урьдчилан сэргийлж, Өлгий сумын 6, 9 дүгээр багийн цахилгааныг түр таслуулж, хязгаарлалт хийсэн байна.

 

Нурсан байшинд дарагдсан таван иргэнийг гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэжээ.

 

Тус сумын 6, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт ус зайлуулах суваг байхгүй тул 150-160 см хүртэл гүн ус тогтсоныг 1500 м орчим урт суваг татаж, сувгийн хоёр талын айлуудыг хамгаалах зорилгоор шинээр далан босгон, үерийн ус тулсан авто замыг сэтэлж урсгах арга хэмжээ авсан байна.

 

DSC_0034

 

Аврах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчин, Цахилгаан түгээх сүлжээний газрын нийт 170 гаруй албан хаагч, мөн Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, “Жол” ХК, “Суат” зэрэг компаниас туулах чадвар сайтай автомашин, хүч хэрэгслүүдийг дайчлан ажиллуулаад байна.

 

Урьдчилсан байдлаар хүчтэй аадар борооны үерт Өлгий сумын 160 гаруй айл өртөж, 105 байшин нурсан, 70 байшин нурах аюултай байгаа тооцоог гаргажээ.

 

Аймгийн Онцгой комиссоос үерт өртсөн айлуудад шинээр газар олгох, орон байраар хангах, иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.

 

Одоогийн байдлаар түр хоргодох байранд 29 өрхийн 107 хүнийг байрлуулан 45 айлыг нүүлгэн аюулгүй газарт шилжүүлж, үерт нэрвэгдсэн 104 айлд шинээр газар олгоод байна.

 

DSC_0003

 

Мөн нийт 350 тонн ус соруулж, 216 м3 элс буулгаж далан босгосон байна.

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын байрлал үер усны аюулд өртөх магадлал ихтэй, Өлгий сумын хэмжээнд ус зайлуулах суваг байхгүй. Бусад сумдын байршил голдуу Ховд голын ай савыг дагаж байрласан байрлалтай байдаг байна.

 

Айл бүр хашаандаа худаг ухдаг нь үерийн үед нурж, нүх, цооног үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

 

Газар олголтын асуудлыг зөв төлөвлөөгүй, үерийн аюултай бүсэд иргэдэд газар олгосон, иргэд өөрсдийн дураар аюултай бүсэд суурьшсан нь аюулыг нэмэгдүүлэх нөхцөл болж байна.

 

Мөн зарим иргэд стандарт бус, шар шавраар хийсэн, усанд тэсвэргүй блокоор байшин барьсан нь бороонд норж, нурах үндэслэл болж байгаа мэдээллийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yanaa yamar aimaar yum boloo ve, hurdan shuurhai tuslamj arga hemjee yavagdaasai
2016-07-15
Зочин:
Наад новшын хөгшин хурандааг зайлуулаачээ.
2016-07-14