Ази, Европын гүүр-Монгол
2016-07-15

Өнөөдөр  АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэлж байна. Энэ өдөр дэлхий дахинаа   манай улс руу хараа бэлчээж байгаа.

 

Өнөөдөр манай урд хойд хоёр хөрш БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян,  ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нараас эхлээд  БНСУ-ын  Ерөнхийлөгч  Пак Гын Хэ, БНЧУ-ын Ерөнхийлөгч Милош Земан, БНБУ-ын Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Эстонийн Ерөнхий сайд Тави Рүйвас, Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн зэрэг олон улсын төр, засгийн тэргүүнүүд Улаанбаатар хотноо  хуран чуулж байна.

 

 Ази Европын Дээд түвшний уулзалтын  хүрээнд ийнхүү 50 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Олон улсын байгууллагын Ерөнхийлөгч нар, тэдгээрийг дагалдаж олон улсын 800 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирээд байгаа билээ.

 

Анх 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь өнөөдөр Ази тивийн 21, Европын 30, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэжээ. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт нь Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм. Эдүгээ АСЕМ-ын түнш орнуудад дэлхийн хүн амын 63 хувь нь амьдарч, тэд дэлхийн ДНБ-ий 50 орчим хувийг бүтээж, дэлхийн худалдааны эргэлтийн 60 хувийг гүйцэтгэж байна.

 

Манай улсын хувьд 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн чуулга уулзалтаар гишүүнээр элссэн. Энэ удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүнд олон улсад улам өсөн бэхжиж, гадаад үйл ажиллагааг олон улсын хэмжээнд улам дэмжих, хүндэтгэх, өргөнөөр хамтран ажиллах үндэслэл нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

 

АСЕМ-д бэлтгэхийн тулд Улаанбаатар хотын зочид буудлуудыг өөд татах, олон улсын үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, зам гүүр шинээр барих, өргөжүүлэх, соёл урлагийн үйлчилгээний салбарын чадавхийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи эзэмших, хил, гааль, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын стандарт нэвтрүүлэх гээд хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийн олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн байна. Дээд түвшний уулзалтын үр дүнд бизнесийн чиглэлээр Монголтой хамтран ажиллах итгэл үнэмшил нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал эргэж ирэхэд эергээр нөлөөлнө гэж зохион байгуулагчид  төсөөлж байгаа аж.

 

Улаанбаатар хотноо зохиогдож байгаа энэ удаагийн чуулга уулзалтаар АСЕМ-ын 20 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой. Тиймээс Дээд түвшний уулзалт ирээдүйн чиглэлийг хэлэлцэж тодорхойлоход чиглэх түүхэн ач холбогдолтой юм. Уулзалтаас гарах Улаанбаатарын тунхаглал, баримт бичгүүд нь АСЕМ-ын үйл явцыг урагшлуулах, эрх тэгш, түншлэл, харилцан бие биенээ хүндэтгэх, харилцан ашигтай байх үндсэн дээр Ази, Европын хооронд харилцаагаа өргөн хүрээнд бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон хөтөч зураг болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.

 

Ийнхүү Ази, Европын дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжинэ. 20 дахь жилтэйгээ золгож байгаа АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт амжилттай зохион байгуулагдана гэж найдаж байна.

 

Манай улсад хүрэлцэн ирсэн дэлхийн улс гүрний төр, засгийн тэргүүнүүд, төлөөлөгч нар нарлаг Монголд минь тавтай морилог ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин