"Азийн хүүхдүүд" наадмын даамын тэмцээн Якутск хотын "Модун" спорт цогцолборт долоон өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээний зуун буудалт даамын төрөлд эрэгтэй 14, эмэгтэй 15 тамирчин швейцарь системээр долоон өрөг тоглов.
Охидын ангилалд өрсөлдсөн спортын мастер Ганбаагийн Хэрлэнмөрөн 4 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдож, нийт 10 оноо авсан амжилтаар тус наадмын хүрэл медалийг хүртэх болзлоо хангав. Тэрбээр дөрөв дэх тавилдаа Сахагийн Ксения Наховад хожигдсон ч сүүлийн дөрвөн өрөг дараалан хожжээ.
Г.Хэрлэнмөрөн нь 2008 оноос Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолборт Р.Нармандах багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж ирсэн. 2013 онд 13 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын спортын мастер цол хүртэж байв. Түүнээс хойш насанд хүрэгчдийн улсын аваргаас 2 мөнгө, 1 хүрэл медаль авч, 2014 онд Тайландад болсон Азийн АШТ-ий охидын ангилалд аваргалж байжээ.
Уншиж байна |